Өмнөговь аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

Өмнөговь аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ"Говийн чоно-2017” гамшгаас хамгаалах бэлтгэл сургуулилттай холбогдуулан Өмнөговь аймагт ирэх сарын 5-ны өдөр хүртэл өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байна.


Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлалтай хамтран гамшгийн хор уршгийг арилгах уламжлалт олон улсын сургалт, дадлага сургуулийг зохион байгуулж байгаа юм. Дадлага сургууль "Гамшгийн үеийн бүс нутгийн удирдлагын харилцан ажиллагаа” сэдвээр явагдах бөгөөд Өмнөговь, Дундговь, Баянхонгор, Өвөрхангай, Говьсүмбэр, Дорноговь аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газраас бүрэлдэхүүн оролцоно.

 

"Говийн чоно” олон улсын сургалт, дадлага  нь Монгол Улсад 2009 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил зургаа дахь удаагаа болох юм.

 

Дадлага сургуульд хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах, гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлал, харьяа яам, агентлагуудаас нийт 200 гаруй хүн оролцоно.

 

Сургалтыг танхимын болон дадлага сургууль хэлбэрээр явуулах бөгөөд хээрийн дадлага сургуулийг Даланзадгад, Цогтцэций сумдад зохион байгуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen