"Мэргэжлийн" гэх ЗГ-ын Барилгын сайдад Д.Өнөрболорыг томилох нь ариун явдал мөн үү
Сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ынхан Засгийн газраа байгуулахаар энэ өдрүүдэд хичээж явна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтцээ өдөр шөнөгүй УИХ-ыг хуралдуулан байж өчигдөр батлуулж авсан билээ. Үүнийхээ дараа сайд нарын нэрсээ олон нийтэд зарлаж үнэхээр сонирхолтой сонголтуудыг хийснээ илчлэв.
Мэргэжлийн Засгийн газар байгуулна хэмээн сонгуульд амлаж байсан МАН-ынханы сайдад нэр дэвшигчдийн заримынх нь сонголт олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэл хүлээж байна. Тодруулбал, тэд "давхар дээлтэй” сайдуудын тоог ярьж хэлж байсан хэмжээнээсээ хавьгүй илүү болгож орхив. Мөн үүнээс гадна Барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшүүлээд буй Д.Өнөрболорыг иргэд тун таагүй хүлээн авч байна. Тэрбээр "Сөүл” рестораны захирлаар ажилладаг бөгөөд хүүхдийн паркын газраас "хумсалж” архины газар байгуулсан хэмээн нэлээд шүүмжлүүлж байсан нэгэн билээ.
Д.Өнөрболор говь нутгаас гаралтай хөдөөний охин МУИС-ийн харьяа Олон улсын харилцааны дээд сургуулийн солонгос хэлний анги дүүргэсэн бөгөөд сургуулиа төгсөөд нэгэн Солонгосын компанид орчуулагчаар орж, ажил амьдралынхаа гарааг эхэлсэн түүхтэй. Тус компани нь Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн паркад байрлах "Туяа” рестораныг түрээслэн ажиллуулж байсан Солонгосын иргэн Лигийн компани байв. Удалгүй солонгос бизнесмэн эрд Д.Өнөрболор ажил мэргэжлийн ур чадвараараа төдийгүй бүсгүй хүнийхээ хувьд таалагдаж, тэд хамтран амьдарч эхэлсэн гэдэг. Улмаар нэрээ "Сөүл” болгон өөрчилж тус ресторанд тухайн үеийн Монголын төр засгийн томчууд, хууль хүчнийхэн нууц уулзалтаа хийдэг газар нь болсон гэдэг. Цаашлаад тэд "Мантууш” хэмээх компани байгуулж, барилгын салбарт ханцуй шамлан оров.
Түүний компани нь барилга барьдаг бөгөөд олон нийтэд чанаргүй барилга барьдаг гэдэг нэрээрээ мөн л алдартай. Зайсан орчмын газарт нэлээд хэдэн барилга барьсан бөгөөд барилгыг нь улсын комисс хүлээж авдаггүй учир байцаагчдынх нь гарыг цайлгаж байж "тэнцдэг” нэгэн аж. Тиймээс байцаагчид нь хадагтай Д.Өнөрболорт тун ч "дуртай" байдаг гэнэ. Энэ үнэхээр үнэн бол МАН-ынхан энэ удаад сайд нарын томилгоондоо ёстой АНдуурсан сонголт хийв бололтой. Ер нь МАН-д энэ чухал салбарыг хэл амгүй аваад явчих, ард урдаасаа татлаа түлхээгүй нэр цэвэр мэргэжилдээ гаршсан хүмүүс зөндөө бий шүү дээ.
Мэргэжлийн засаг байгуулна гэж олон нийтэд зарлаад байсан Ерөнхий сайд чухам ямар шалтгаанаар архи зардаг уушийн газрын хүнийг салбар хариуцах сайдад нэр дэвшүүлэв. Энэ салбарыг өмнө нь З.Баянсэлэнгэ тэргүүлж байсан бөгөөд иргэдийн зүгээс маш их шүүмжлэл авч байсан. Тэгвэл энэ удаад Д.Өнөрболор гэх төрийн албаны ямар ч туршлагагүй нэгнийг томилох гэж байгаа нь нөгөө "нуухыг нь авах гэж байгаад нүдийн сохлов” гэгч л болж байна.
Ер нь төрийн алба гэдэг хэн дуртай, мөнгөтэй болгоны очоод суучихдаг алба биш. Энд чадвартай, туршлагатай жинхэнэ төрийн албан хаагчид л энэ мэтийн чухал салбаруудыг удирддаг байх учиртай. Сайд нарын томилгоонд төдийлөн сайхан хандахгүй байгаа иргэдийн сэтгэл зүйд улам муугаар нөлөөлж байна. Эрхэм Ерөнхий сайд танхимаасаа Д.Өнөрболор мэтийг нөхдүүдийг гаргаж нэр цэвэр засаг байгуулах нь дээр биз ээ.