П.Yйтүмэн: Чоно хөөсөн шөнө

Өвлийн дунд сарын нар гийсэн нэгэн өдөр баруун аймгуудыг зорьдог битүү тэргэнд Баянхонгор аймаг руу явах дөрвөн зорчигч суусан байв. Дөрвөөс илүү зорчигчгүй байгаад нь сэтгэл дундуур байсан жолооч «Өнөөдөр миний явдаг ч талаар болох шив дээ, нэмээд дөрвөн хүн ирчихдэггүй юм байх даа» гэж элдвийг тунгаасан яг энэ мөчид зогсоол дээр нутгийн нь дугаартай «УАЗ-469» тэрэг ирж зогслоо.
Хүн нэмж суулгах нь уу гэж горьдон суусан жолооч тэрэгнээсээ гарч ирэгчийг хартал өрөийн нь таньдаг хүн байв. Тэрэгнээсээ буугаад түүнтэй хуучилж байгаа жолоочоо ажсан дөрвөн зорчигч нар дээр хөөрчихсөн байгаад хэн хэн нь санаа зовних аж. Урд талын суудлыг эзлэн суусан хүүхэн,

-Ингэж хоёр гурван тэргэнд дөрөв тавхан хүн явснаас нэг тэргэндээ л цөмийг нь багтаагаад суулгачихаж болдоггүй юм байх даа гэвэл, арын суудлын гурван зорчигчоос хэн нь ч үг дуугарсангүй. Гадаа хүнтэй уулзсан жолооч орж ирэнгүүтээ,
-За явахаар боллоо. Энэ хүн намайг найман зорчигчоор мялаалаа гэж хэлэнгээ хөдлөв. Өмнө нь суусан эмэгтэй ч бодлоо үргэлжлүүлж «За яамай даа өнөө шөнөдөө амжаад хүрчих юм бол ч миний ажил урагштай байх нь тэр. Одоо ноолуурын үнэ ингэж их хэлбэлзээд байгааг аймгийн төв дээр хэн нь ч төсөөлөөгүй, мэдээгүй байгаа юм чинь. Онгоцоор явах гэж ирэх бямба гаригийг хүлээн цаг алдаж байснаас өнөөдөр явчихвал ч болох нь тэр» гэж бодов.

Нийслэлийн баруун бүсэд оршдог «таван шар» гэгдэх байрнуудын нэгний дэргэд жолооч иртэл ард сууж явсан гурван зорчигчийн нэг Цогтжаргал,
-Ахаа энэдэс хүн сууна гэсэн юм уу гэтэл жолооч,
-Тийм ээ, энэ байрнаас хүмүүс явцгаах юм гэнэ лээ. Одоо гараад ирэх байх аа гэв. Зорчигчид тэр хүмүүсийг энд тэндээс гарч ирэх нь үү гэж харуулдан сууцгааж байтал жолоочтой нь түрүүнд уулзсан тэрэгний эзэн тэдний дэргэд хүрээд ирэв. Тэрээр дохиогоо дуугаргаж, цонхныхоо цаанаас инээмсэглэн гараараа даллатал жолооч,
-За та нарыг дуудаж байна. Энэ тэргэнд ороод сууцгаачих, замдаа сайн явцгаагаарай гэтэл өнөө дөрөв хоёр жолоочийн тохиролцсон учрыг ойлгосон мэт бүгдээрээ бууцгаав. Өмнөх суудлаа алдчих вий гэхдээ өнөө эмэгтэй ч сандарсан бололтой бусдаасаа түрүүлэн очтол жолооч түүнд урд хаалгаа яаран нээж өглөө. Цогтжаргал ачаа бараа гээд юм бахйгүй ч авч явсан ганц цүнхээ арын нь суудал дээр тавиад, харин цуг сууж яваа эмэгтэйд туслан ачаанаас нь зөөлцөв.

Алсыг зорих хүмүүсийн сэтгэл амарч жолооч тэргээ асаатал Цогтжаргалын хоёр талд сууж байсан эмэгтэйн нэг нь гэв гэнэт цочирдсон мэт
-Yгүй, ахаа би өнөөдөр явахаа болилоо. Өдрөө андуураад суучихаж гэтэл жолооч түүний зүг гайхашран харсан ч тэргээ зогсоож буулгав. Хотоос хөдлөнгүүт суусан зорчигчид, суулгасан жолооч хэн хэнийх нь сэтгэл тайвшран тус тусдаа элдвийг тунгааж явцгаалаа. Тэгсээр Сансарын гэж нэрлэгдсэн замын гуанзны газар хүрч ирэн хооллохоор бууцгаатал Цогтжаргал мөнгө багатай учир хамт яваа нөхдөөсөө нэрэлхээд буусангүй. Цааш хөдлөн Арвайхээр хүртэлх засмал замаар сүнгэнүүлсээр аймгийн төвийн ШТС-ын дэргэд ирж зогсоод зорчигчдоосоо зардлаа авав. Цугласан мөнгийг хоёр хувааж түрийвчиндээ хийх зуураа гурван хүнээс гучин зургаан мянган төгрөг авч байгаа юм чинь энэ шөнө гурвыг ганзагалсан ч болох юм байна даа гэж бодоод,
-Цогтоо, миний дүү ард чинь нэг сав байгаа. Ахдаа аваад өг дөө гэтэл «Аймаг ороход хангалттай бензин авчихаад дахин авч яах гэж байгаа юм бол доо» гэж Цогтжаргал бодонгоо савыг нь авч тэрэгнээсээ гарав.

Савнуудаа дүүргэчихээд илүү нөөцөлсөн бензинээ «хонины хонхорт» хийв.
Нар жаргасан ч одод нь дүүрэх арай болоогүй тэнгэрт үдшийн гэгээ бүрэн тасраагүй байв. Засмал зам дуусч, шороон замд орж ирэнгүүтээ жолооч,
-За ингээд бид нарын туулах ёстой хоёр дахь зам эхэллээ. Yүнээс цааш бд дөрөв та нарын мэдэхгүй ч байж болох энэ замыг туулна шүү гэтэл гурван зорчигчийн аль аль нь учрыг нь сайн ойлгосонгүй. Харин Цогтжаргал
-Ахаа, тэр чинь ямар зам бэ гэтэл жолооч
-Чи чинь харин хажуудаа суулгаж явбал миний нойрыг хүргэхгүй бололтой банди байна шүү гэтэл ченж бүсгүй
-За хэдэн зам байсан ч надад хамаа алга. Харин очих ёстой газраа эртхэн л хүрч байвал боллоо гэв. Хүмүүсийн яриа хэсэг завсарлаж, Арвай хээрийн талд орж ирэхэд Цогтжаргал бас л ам нээж,

-Ах аа энэ уудам талд чинь үнэхээр хурдан морины уралдаан л болж баймаар санагддаг юм даа. Танд ч гэсэн тэгж бодогддог биз дээ гэтэл жолооч
-Yнэхээр тийм шүү. Тэр олон хүлгийн туурай нэг л хэмээр яралзаж харагддаг шиг энэ уудам талд чинь хурд сориход сайхан байдаг юм даа гэв. Ченж бүсгүй тэр хоёрын яриаг үл анзаарах мэт зүүрмэглээд байгаа болохоор нь жолооч түүнд хандаж,
-Та арагшаа наад суудлаа дэрлээд унтчихгүй юу, тэгвэл биед чинь амар байлгүй дээ гэж хэлэв.
Арвайхээрийн тал өнгөрч, Балжийн дөрөлжөөр орж ирэнгээ жолооч залуураа баруун хойш нь эргүүлэн, замаа өөрчлөхөд Цогтжаргал учрыг асуух гэснээ болиод «Урагшгүй юм асууж байж урдах эмэгтэйн дургүйг ч хүргэчих юм билүү» гэж бодов.
Өндөр биш ч гэсэн дов сондуул элбэгтэй, донсолгоотой газраар орж иртэл Цогтжаргал суудлаасаа өндийгөөд тэрэгний урд талын хоёр сандлын дундуур цээжээ оруулаад суучихсан байв. Жолооч ч түүнийг анзааран

-За би та гурвыг жинхэнэ гурав дахь зам руу чинь оруулж ирлээ.
Эндээс ямар замаар, явж юу үзэх гэж байгаагаа тус тусдаа тааварлаж тунгаагаарай гэтэл Цогтжаргал,
-Өө та ан л хөөх гэж байна шүү дээ гэтэл жолооч
-Чи онож хэллээ. Ах нь чоно таарах юм бол хэлсэнтэй чинь адил мэргэн онож унагахыг бодно оо. Зөв талд өлгөөтэй байгаа бууны уяаг нь тайлж ахдаа ойртуулаарай гэв. Бууны уяаг нь тайлах зуураа Цогтжаргал хажуудаа сууж яваа эмэгтэйг хараад
-Чиний нойр чинь хүрэхгүй байна уу? Уг нь чоно агнасан байтугай харсан хүн тэр жилдээ өлзий хийморьтой байдаг гэсэн дээ гэтэл тэр эмэгтэй үл мэдэгхэн инээхийг оролдоод,
-Тэр хийморийг нь ч эрчүүд л авдаг байлгүй. Та хоёр агнахыг агна. Бид хоёр л харахыг бодъё доо гэв. Чиглэл нэгтэй төв замаасаа гараад арваад километр явсан ч чоно ер тааралдсангүй. Гуу жалга ихтэй нарийхан садраган газраар орж иртэл Цогтжаргал «Энд л ер чоно нуугдаж явмаар газар байна даа» гэж бодонгоо

-Ахаа энэ замаар та урд нь хэр их явж байсан бэ гэтэл жолооч
-Ах нь тэгж их явж үзээгүй. Харин өнгөрсөн намар энэ жалганд сүрэг чонотой тааралдаж, нэгийг ч унагааж чадаагүй. Тэгээд л ах нь даргынхаа өгсөн үүргийг биелүүлээгүй даамал шиг өөрийгөө голж явах болсон юм гэв. Тэр газраар цас орсон хэдий ч хальтиргаа гулгаа үүсээгүй бололтой зам хар байгаа нь орсон цас салхинд хийсээд хунгарлачихсан нь тодорхой байв.
Анд зорьсон жолооч таарсан чоноо авлах гэж, ангийг нь дэмжсэн Цогтжаргал авласан чононоос нь өргөлцөх гэж хэн хэн нь санавч үгүйлсэн юм нь тааралдахгүй байгаад хоёулаа гонсгор явав. Хурдаа сааруулаад чагналаа. Тэгтэл Цогтжаргалын чихэнд чонын улих дуу сулхан сонсогдов. Түүнд салхи авчирсан чимээг жолоочдоо дамжуулах мэт
-Ахаа бидний замаас баруун хойшоо чонын дуу гарлаа гэтэл жолооч
-За ах нь чиний соргог чихийг, мялаая гээд замынхаа чиглэлийг өөрчлөв. Тэгтэл зам өгсүүр болонгуут жолооч хурдаа сааж тэргээ зогсоох гэтэл зуугаад метрийн тэртээ нэгэнтом чоно яг тэрэгний өөдөөс харан оцойгоод суучихсан байв. Тэр чоныг жолооч харангуут тэргээ зогсоогоод
-За үүнийг чинь үргээж л болдоггүй амьтан даа. Цочоохгүй л бол суугаад байдаг юм гэж аяархан шивнээд бууныхаа амыг урагш гарган шагайж шагайж гохыг нь дарсан хойно гарсан чимээнээр нь унтаж явсан ченж эмэгтэй цочсон мэт ухасхийн өндийв. Чоно агнасан тэр агшныг нүд цавчилгүй харж байсан Цогтжаргал,
-Та ч үнэхээр мэргэн хүн байна шүү ганцхан буудаад л нам авчихлаа гэтэл ченж бүсгүй гайхсан янзтай

-Юу болов? Чи хэнийг хэлэв ээ гэтэл Цогтжаргал
-Эгчээ та сая юу болсныг харсангүй юу. Таныг сэрэхээс өмнө манай жолооч нэг чоно буудаад унагачихлаа. Та амьд чоно харсан бол их л сонин байх байсан юм даа. Гэтэл «нойрноос морио, чөмөгнөөс хутгаа» гэдэг шиг нэг тийм алтан боломжоо алдчихлаа даа гэтэл тэрээр инээж, нойрон дундаа зүүдэлсэн зүүд нь санаанд ороодхов. Өр төлбөрөө өгөхгүй яваа нэгэн залуугийн гэрт нь очиж баганыг нь тойруулан хөөж айлгаад мөнгөө авч байгаа зүүдээ санан
-Би ч гэсэн нойрон дундаа антай байлаа. Та гурав ямар чоно агнаа вэ гэтэл Цогтжаргал
-Өө сая энд жинхэнэ амьд саарал чоно агналаа. Харин та ямар чоно хөөсөн юм бэ, тэгээд тэрийгээ агнаж чадав уу гэтэл жолооч тэр хоёрын яриаг таслан,
-За миний дүү буугаад ир хоёулаа унагасан чоноо аваад ирье гэв.
Асаалттай байгаа тэрэгнийх нь гэрэл дотор харагдаж буй үхсэн чоныг ченж эмэгтэй үзээд «үнэхээр энэ жолооч чоно агнажээ, харин би бол зүүдэндээ дуураймал чоно хөөлөө. Түүнийг ялж л чадвал жинхэнэ миний олз болох учиртай юм» гэж бодтол УАЗ-469 тэрэгний арын нь хаалгыг нээх хаах чимээ гарах нь өнөө агнасан чоноо хийж буй бололтой. Тэр хоёрыг тэргэндээ орж ирэн сууцгаатал ченж эмэгтэй

-За та хоёрын агнасан чоно чинь араас бидэн рүү дайрах юм биш байгаа гээд инээтэл жолооч
-Яалаа гэж дээ. Тийм том суманд оногдож, тэгж нам даруулсан амьтан чинь хөдлөнө барина гэж юу байхав, тэгснээс та харин өнөө зүүдэлсэн чоноо унагаж чадсан уу гэтэл ченж эмэгтэй
-Эгч нь сая байгалийн биш зохиомол чоноо хөөсөн. Тийм чоныг чинь ийм чонотой адилтгаж яаж болохов дээ гэтэл Цогтжаргал
-Өө тэгвэл тэр чинь дуураймал чоно байж шүү дээ. Та тэгээд агнаж чадав уу
-Чадалгүй яах вэ, хажуухан талд буун чимээ гаргаж тэр сүрлэг амьтныг унагаж байхад би тэр луйварчнаас авах ёстой юмаа бүрэн авчихлаа гээд сэрчихлээ гэхэд нь Цогтжаргал
-За тэгвэл ирэх ондоо та ч гэсэн аз хийморьтой явах нь дээ. Бид гурав ч ёстой зөв тэргэндээ онож сууж дээ гэснээ
-Yгүй ахаа аз хийморь гэснээс энэ чононыхоо нэг шагайг дүүдээ өгөх юм байгаа биз дээ гэтэл жолооч
-Өө чамд өгөлгүй яах вэ. Надтай хамжиж унагасан хүүд хувийг нь хүртээхгүй бол төөрөг заяа нь гомдох байлгүй дээ гээд тэрэгнийхээ чимэг болсон хөгжмийн товчлуурыг дарж, уянгын дууг эхлүүлтэл тэр гурав зорьсон хэрэг нь бүтэцгээж зовлон зүдгүүргүй болцгоосон мэт дууг дагаад аялцгаав.
Ийнхүү тэр хээрийн замд гурван хүн баярлаж, нэг хүн бодлогоширч явахад,нэгэн халуун амьнаас тасарсан сүнс шөнийн хүйтэн тэнгэрт нисч байлаа.

2003 он

Пүрэвийн Yйтүмэн

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen