“Ягаан Од” алмаз 71.2 сая ам.долларын үнэд хүрч, дээд амжилт тогтоолоо
"Pink Star" буюу "Ягаан Од” нэртэй алмаз чулуу дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэ хүрч, зарагдсан алмаз чулуугаар тодорлоо. Өнгөрөгч мягмар гарагт, Хонгконгийн "Сотебис" агентлаг уг чулууг худалдаалах дуудлага худалдааг зохион байгуулсан. Зохион байгуулагчдын зүгээс "Ягаан Од" алмазын дээд үнийг 60 сая ам.доллар гэж тооцоолж байсан ч 71.2 саяын үнэ хүрчээ. Уг үнэт чулууг Хонгконгийн үнэт эдлэл борлуулагч "Чоу Тай Фүүк" худалдан авсан байна.
Уг эрдэнийн чулууг анх 1999 онд Өмнөд Африкаас илрүүлсэн бөгөөд байгаль дээр байх үедээ 132.5 каратын жинтэй байжээ. Харин хоёр жилийн хугацаанд засч янзлан, хамгийн эцсийн бүтээгдэхүүн болгон урлан бүтээсэн бөгөөд 59,69 каратын хэмжээтэй, зууван хэлбэртэй болжээ.
"Ягаан Од" буюу /Pink Star/ хэмээх нэртэй энэхүү ягаан өнгийн алмаз эрдэнийг дуудлага худалдаанд оруулахаас өмнө Вашингтоны Смитсоны музей, Лондоны Викториа болон Албертын музейд тавьж, олны хүртээл болгожээ.
Өнгөрөгч 2013 онд Женев хотноо зохион байгуулагдсан үнэт эдлэлийн дуудлага худалдаагаар "Ягаан Од" алмаз 83 сая америк долларын үнэ хүрсэн хэдий ч, дуудлага худалдаанд ялсан эрхэм худалдан аваагүй учир хүчингүй болж байсан юм.
Сонирхуулахад, одоогийн байдлаар дэлхийн хамгийн том алмаз эрдэнэ Тайландын эзэн хааны гэр бүлд хадгалагдаж байна. "The Golden Jubilee” хэмээх нэртэй, шар хүрэн өнгөтэй уг алмазын байгаль дээрх жин 775 карат байсан бол засч янзалсны дараа 545.67 карат жинтэй болжээ.
Алмаз буюу очир эрдэнэ нь эр зориг, тэсвэр хатуужил, цэвэр ариун ёс суртахууныг бэлгэддэг бөгөөд уур хилэнг номхотгож зугаа цэнгэлээс хөндийрүүлж, эрч хүч өгдөг гэж үздэг байна.