Завь осолдож, 200 гаруй хүн амиа алджээ
Ливийн эргийн ойролцоо цагаачдыг тээвэрлэн явж байсан хоёр завь осолдсон талаар Испанийн тусламжийн байгууллагаас мэдээллээ.
"Уг ослын улмаас 200 гаруй хүн амиа алдсан” хэмээн тус байгууллага НҮБ-ын Дүрвэгсдийн агентлагт явуулсан тайландаа дурьджээ.
Эргийн хамгаалалтынхан тус завинд зорчиж явсан 100 гаруй хүний цогцсыг уснаас гаргаж, сураггүй бологсдыг эрэн хайж байна.
Италийн эргийн хамгаалагчид уг ажиллагаанд оролцож буй бөгөөд "AFP” агентлагт "Бид таван хүний цогцсыг уснаас гаргасан. Эдгээр хоёр завинд хэдэн хүн зорчиж явсан нь тодорхойгүй байна” гэж ярьжээ.
Завиудад нийтдээ 240 хүн зорчиж явсан гэх мэдээллийг хэвлэлийнхэн өгч байна. Даац хэтэрсэний улмаас завиуд осолдсон гэв.
Б.Дэлгэрцэцэг