Монголбанкинд 1.5 тонн алт тушаажээ
Ардчилсан намын засаглалын үед алтны рояльти татварыг бууруулснаар Монголбанкинд тушаах алтны тоо жил ирэх тусам өссөөр байгаа билээ. Өнгөрсөн онд Монголбанкинд 18.5 тонн алт тушаагдаж байсан бол 2017 он гарснаас хойш эхний хоёр сарын байдлаар нийт 1.5 тонн алт тушаасан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 1.8 хувиар өссөн үзүүлэлт ажээ.
Монгол Улсын Засгийн газар "Алт-2” хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар 2020 он хүртэл хэрэгжүүлж, алтны бэлтгэгдсэн нөөцийг 100-150 тонноор нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж буй. Тус хөтөлбөрийн үр дүнд жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой нэмэгдүүлж, 2020 онд 25 тоннд хүргэх боломж бүрджээ.
1992-2000 оны хооронд манай улс "Алт хөтөлбөр” болон "Алт-2000 хөтөлбөр” хэрэгжүүлж байсан. Үндэсний статистикийн хорооны 2015 оны мэдээгээр манай улсын алтны үйлдвэрлэл ДНБ-ий 2.6 хувь, экспортын орлогын 9.1 хувийг эзэлж байв.