АТГ яамдуудад ажиллаж, С.Зоригийг хөнөөсөн хэрэгтнүүдэд оноосон ялыг хэвээр үлдээсэн долоо хоног
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдэд оноосон ялыг хэвээр үлдээлээ
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа. Тодруулбал, шүүх бүрэлдэхүүн бүтэн өдрийн турш хуралдаж, анхан шатны шүүхийн Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт 25 жил, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оногдуулсан шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Анхан шатны шүүхээс Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон. Тодруулбал, Ц.Амгаланбаатарт оноосон 25 жилийн 20-ыг гянданд, үлдсэнийг нь онцгой дэглэмтэй хорих ангид, Б.Содномдаржаад оноосон 25 жилийн 23-ыг нь гянданд, үлдсэнийг нь онцгой дэглэмтэй хорих ангид, Т.Чимгээгийн 24 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.
Өнөөдрийн хуралд шүүгдэгч нар цахим онлайнаар хуралд оролцож буй. Харин хохирогчийн талаас УИХ-ын гишүүн асан С.Оюуныг төлөөлж, түүний төрсөн ах С.Баяр оролцсон ч шүүх хурлыг хаалттай явуулж байгаа учир оролцох боломжгүй хэмээн хурлыг орхин гарсан юм.
Харин өмгөөлөгч Л.Энхсайхан тэднийг төлөөлж оролцож байгаа. Мөн шүүгдэгч нарын өмгөөлөгчид оролцсон юм.
АН-ын ҮБХ-ны сонгуульд өрсөлдөхөөр 511 хүн бүртгүүлжээ
АН-ын дотоод сонгууль ирэх дөрөвдүгээр сарын 2-нд болно. Сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэл өнгөрсөн пүрэв гарагт дууссан. Одоогийн байдлаар Үндэсний бодлогын хорооны 380 суудалд өрсөлдөхөөр 511 хүн бүртгүүлсэн гэх мэдээлэл байна. Харин аймаг, дүүрэг, нийслэлийн намын хорооны даргад 52 хүн өрсөлдөхөөр бүртгүүлжээ.
Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоов
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг 743058.00 га-гаар баталлаа.
Ингэснээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн эзлэх хувь хэмжээ 0.4 хувиар нэмэгдэх юм. Тусгай хамгаалалтад авсан газрын хилийг заагийг тогтоохоор санал болгосон газартай хэсэгчилсэн болон бүрэн давхцалтай ашигт малтмалын хайгуулын 7 тусгай зөвшөөрөл байгаа тухай Ашигт малтмал, газрын тосны газрынхан танилцуулав.
Уул уурхайн нөлөөллөөс болж Тост, Тосон бумбын нурууны экосистемийн хэв шинж аюулд орсон бөгөөд ус, бэлчээр, ан амьтан, биологийн олон янз байдал, тэдгээрийн амьдрах орчинд өөрчлөлт гарч болзошгүй болоод байгаа юм.
АТГ-ын ажлын хэсэг төрийн байгууллагуудад ажиллаж байна
Авлигатай тэмцэх газраас 2016 оны 11 дүгээр сард УИХ-аар батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлах, хөтөлбөрт тусгагдсан зарим үйл ажиллагааг эхлүүлэх зорилгоор 21 аймагт ажилласан.
Харин өнгөрөгч долоо хоногт Авлигатай тэмцэх газраас "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр ба төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт уулзалтыг яам, агентлаг, нийслэл, дүүргийн удирдлагуудын дунд зохион байгуулав.
Тус газрын албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг өнөөдрөөс эхэлж батлагдсан удирдамжийн дагуу яам, агентлаг, нийслэл, дүүргийн төрийн байгууллагуудад ажиллаж эхэлсэн.
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг яам, агентлаг, нийслэл, дүүргийн төрийн байгууллагын албан хаагчдад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, яам, агентлагийн дэргэд болон нийслэл, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах, авлигын эрсдэлийн үнэлгээ хийх зэрэг ажлуудыг зохион байгуулах аж.
Прокурор Х.Тамир нарын хэргийг шүүх рүү буцаалаа
Хар тамхины хэрэгт холбогдсон Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын таван хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал боллоо.
Улмаар тэдний хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болж, шүүх рүү буцаалаа. Ингэснээр анхан шатны шүүх Х.Тамир нарын хэргийн шүүх хурлыг товлон дахин шүүх юм.
Анхан шатны шүүхээс тэднийг хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэж, улмаар худалдан борлуулахыг завдсан болон албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутган шүүсэн байдаг.
Нүцгэн жагссан эмэгтэйчүүдийг торголоо
Энэ сарын 8-ны өдөр буюу Олон Улсын эмэгтэйчүүдийн баяраар гурван эмэгтэй Сүхбаатарын талбайд нүцгэн жагссан. Тэд "Оффшорчдыг зайлуул”, "Хулгайлсан хөрөнгөө буцааж өг” гэх утга бүхий лоозон барьж, нүцгэн жагсаал хийсэн юм.
Тэгвэл нүцгэн жагссан гурван эмэгтэйг зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан хэмээн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүлээ. Улмаар Б.Болор-Эрдэнэ нарыг зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан гэж үзэн тус бүрд нь 50 000 төгрөгөөр торгох шийдвэр гарсан байна.
Энэхүү шийдвэрийг Б.Болор-Эрдэнэ нар хүлээн зөвшөөрөхгүй давж заалдахаа мэдэгдэв.
Жолооч нар үл мэдэгдэх шингэн зүйлд хордож амиа алдав
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт нүүрсний тээвэрлэлтэд явдаг жолооч нар үл мэдэгдэх шингэн уусны улмаас гурав нь нас барж, гурав нь эмнэлэгт хүргэгдсэн хэрэг өнгөрсөн бямба гаригт гарсан билээ.
Одоогоор хятад архинаас хордсон уу, эсвэл техникийн спирт ууж амиа алдсан уу гэдгийг эцэслэн тогтоохоор хууль хяналтын байгууллага болон шүүх шинжилгээнийхэн ажиллаж байна. Дээрх жолооч нар "Монфорд” компанийн тээвэрлэлтэд явдаг жолооч байсан бөгөөд нэгнийхээ баярыг тэмдэглэж архидаад, улмаар шараа тайлахаар техникийн спирт уусан гэх мэдээлэл ч байгаа юм.
Тээврийн хэрэгслийн гэрчилгээ шинэчлэгдлээ
Тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ шинээр авч байгаа иргэд Олон улсын стандартад нийцсэн гэрчилгээтэй боллоо. Энэ гэрчилгээ нь одоо ашиглаж байгаа гэрчилгээтэй ижил загвартай боловч Монгол болон Англиар бичигдсэн байх юм байна. Гэхдээ иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг заавал гэрчилгээгээ соль гэсэн шаардлага тавихгүй бөгөөд тээврийн хэрэгслийг шинээр бүртгэх, шилжилт хөдөлгөөн хийх зэрэгт шинэчилсэн гэрчилгээг олгохоор зохион байгуулж байгаа аж.
Т.Гэрэл
http://www.zaluu.com/read/hc1gd024