Шуурхай мэдээ: С.Зоригийг хөнөөсөн хэрэгтнүүдийг 18 жилийн дараа яллаж, 24-25 жилийн ял оноолоо

Шуурхай мэдээ: С.Зоригийг хөнөөсөн хэрэгтнүүдийг 18 жилийн дараа яллаж, 24-25 жилийн ял оноолоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүх хурал энэ сарын 21-нд эхэлсэн.

Тэгвэл шүүх хурал төрийн нууцад хамаарах материал хавсаргасан хэмээн маш нууцын зэрэглэлтэй явагдаж шүүх хурлын шийдвэр өнөөдөр гарлаа. Тэрээр шүүх хурлыг өнөөдөр 10:00 цагаас эхлэн үргэлжлүүлэн зөвлөлдөж  шүүгчид шийтгэх тогтоолыг уншин танилцуулав.

Шүүхийн шийдвэрээр шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн зүйл заалтаар яллаж, Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт 25 жил, Т.Чимгээд 24 жилийн ял оноолоо.  Хэрэгтэн Ц.Амгаланбаатарт оноосон 25 жилийн 20-ыг гянданд, үлдснийг онцгой дэглэмтэй хорих ангид,  Б.Содномдаржаад оноосон 25 жилийн 23-ыг нь гянданд, үлдснийг онцгой дэглэмтэй хорих ангид, Т.Чимгээгийн 24 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болов.

Эдгээр гурван хүнийг бүлэглэн, онц хэрцгийгээр, шунайхан сэдлээр, захиалгаар хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж амь насыг нь онц хэрцгий аргаар хөнөөсөн гэж үзжээ.

Хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар оролцсон. Харин өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцсон юм.

У.Сайхан

Fact.mn

635663576354 6358

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen