Ч.Хүрэлбаатарын ухуулагчийг шалгаж байна
УИХ-ын сонгуулийн 33-р тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатарын шадар туслахууд мөнгө тарааж, иргэдийг олноор нь зөөвөрлөн санал өгүүлсэнээс болж нялх хүүхэд амь насаа алдахад хүрсэн талаар увсынхан ярьж байна.
Хэргийг сөхвөл, Увс аймгийн Түргэн сумын Рашаант багийн иргэн С.Отгонтуяа өнгөрсөн зургадугаар сарын 3-ны өдөр амаржиж хүүтэй болжээ. Гэтэл УИХ-ын сонгуулийн санал хурааах өдөр нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарын ухуулагч Б.Бат-Эрдэнэ гэгч залуу Отгонтуяа болон түүний нөхөр Чулуунбаатар нарт 100 000 төгрөг өгч, "Заавал явж, Хүрэлбаатарын төлөө саналаа өг. Нялх хүүхэдтэй учраас жип машинаар явуулна хэмээн гэрээс нь авч гарчээ. Гэвч нялх биетэй нярайгаа тэвэрсэн бүсгүйг жип машинд суулгалгүйгээр микро автобусанд суулган санал өгөх байр руу явуулсан байна. Гэтэл төрөөд сар болоогүй хүү олон хүнтэй машинд нийтдээ 260 гаруй км яваад гэртээ буцаж ирэхдээ амьсгалын дутагдалд орж бие нь муудан, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хүргэгдэж ирсэн ч амь насыг нь аварч чадаагүй аж. Хүүгийн эцэг, эх Увс аймгийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан байна. Тэрбээр "Улстөрчдийн заль мэхэнд хууртан хол замд хүүгээ авч яван амь насыг нь алдсандаа маш их гомдолтой байна” гэжээ. Талийгаач хүүг задлан шинжилгээнд оруулсан бөгөөд эмч нар урьдчилсан байдлаар "Амьсгалын замын цочмог дутагдлаас болж нас барсан” хэмээн үзэж байгаа бөгөөд энэ хэрэг дээр Увс аймгийн Цагдаагийн газар эрүү үүсгэн шалгаж байгаа аж.
Ч.Хүрэлбаатарт хариуцлага тооцож, Сонгуулийн хуулийн дагуу түүнийг эргүүлэн татах ёстой гэж Увс аймгийн иргэд үзэж байгаа бөгөөд талийгаач хүүд зориулан зул өргөх ёслолыг Увс аймгийн Улаангом хотын төвд зохион байгуулжээ.
Хохирогчийн ээж С.Отгонтуяатай уулзаж ярилцсан юм.
-Яг ямар асуудал болсон юм бэ?
-Хүү маань төрөөд дөнгөж 26-хан хонож байсан. Сонгуулийн санал хураалтын өглөө гэртээ унтаж байтал МАН-аас нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатарын ухуулагч Бат-Эрдэнэ гэдэг залуу манайд ирсэн. "Сонгуульд саналаа өг, 50 000 төгрөг өгнө. Заавал хамт яв” гэсэн. Би нялх хүүхэдтэй, өдөр явж болохгүй юм уу гэсэн чинь "Заавал одоо яв. Жип машинаар явна” гэсэн. Гэтэл микро автобусанд 10 гаруй хүнтэй суулгаад "Энэ жипнээс ч тухтай” гэж хэлсэн. Түргэн сум руу явж саналаа өгөөд ирэх замд хүүгийн маань царай хөхрөөд нэг л сонин болчихсон. Гэртээ ирээд эмнэлэг дуудсан.
-Эмнэлгийн яаралтай тусламж авч чадсан уу?
-Манайх аймгийн төвөөс хол, сумын төвөөсөө гэхэд 130 км зайтай. Түргэний машинаар ирээд хүү маань шууд Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж эхэлсэн. Гэвч амьсгал нь жигдрэхгүй байсаар байгаад нас барсан. Эрүүл саруул төрж, өсөж бойжиж байсан хүүхдээ харамсалтайгаар алдлаа. Үнэхээр хэцүү байна.
-Сонгуулийн сурталчилгааны үед мөнгө тараах, хүн зөөж санал өгөх хориотой гэдгийг та мэдэх үү?
-Үнэнийг хэлэхэд бид бичиг үсгийн боловсрол муутай, цөөн хэдэн малтай, жирийн л хүмүүс. Тэр хууль дүрэм нь ямар байдгийг сайн мэдэхгүй. Ямартай ч нөхөр бид хоёрт мөнгө өгнө. Явж саналаа өг гэхээр нь л явсан. Ийм аймшигтай зүйл болно гэж төсөөлөө ч үгүй.
-Цагдаад гомдол гаргасан уу?
-Аймгийнхаа цагдаагийн газарт гомдол гаргасан. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа л гэсэн.
Б.ЧУЛУУН