АН-ын даргын хоёр ам

АН-ын даргын хоёр ам

 

2016.06.29: Монголчууд ээлжит сонголтоо хийв. Энэ удаа ард түмэн МАН-ыг сонгож, тэдэнд үнэмлэхүй ялалтыг өгөв. Парламентын 76 суудлын 65-ыг нь МАН-ын гишүүд бүрдүүлэхээр болов. Товчхондоо Монгол Улсын ирэх дөрвөн жилийн хувь заяаг М.Энхболд даргатай МАН-ынханд даатгав. Монголчуудын энэ сонголтыг өрсөлдөгч АН-ынхан ч хүндэтгэж буйгаа мэдэгдэв. Сонгуулийн ерөнхий хороог мэдээлэл хийсний дараа АН-ын дарга З.Энхболд "Монголчууд сонголтоо хийлээ. Манай нам сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч байна” хэмээн улс төрийн соёлыг гайхуулсан. Бүр намаа ялагдалд хүргэсэн хариуцлагаа хүлээж, АН-ын даргын суудлаа өгнө гэдгээ ч хэлэхээ мартаагүй.


 

2016.07.04: АН-ын дарга З.Энхболд Төрийн ордонд мэдэгдэл хийв. Тэрбээр энэ удаа "МАН төрийн эрхийг хууль бусаар авсан” хэмээн нэг амаар хоёр өөр зүйл ярьж, гайхшруулав. Тав хоногийн өмнө л сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгдсэн мань дарга өнөөдөр сонгуульд болж, бүтэхгүй зүйл дүүрэн байсныг дурдав. З.Энхболд:

 

1. Ц.Сандуйн 60 тэрбумын "наймаа”-г сонгуулийн дараа дахин ярина гэнэ. АН хуулийн байгууллагад гаргасан гомдлынхоо хариуг одоо харна гэв. АН-ынхан л хүсвэл хуулийн байгууллагад гаргасан гомдлын хариу гайхалтай хурдан хугацаанд гардгийг бид өмнө нь харсан. Үнэндээ бол АН-ынхан Ц.Сандуйн "наймаа”-г хуулийн байгууллагад бус ард түмний шүүлтэд орхисон. Сонгогчид шүүлтээ хийгээд, сонголтоо хийчихсэн байхад дахин сөхөх нь үр дүн авчрах уу.

 

2. Зөвхөн нэг тойрогт гэхэд гарын үсгээ зурж авсан саналын хуудасны тоо, автомат машинаар уншуулсан саналын хуудасны тоо 234-өөр зөрсөн гэнэ. Хар машин АН-ынх. Сонгуулийн хууль АН-ынх. Сонгуулийн ерөнхий хороо АН-ынх. Сонгуулийг зохион байгуулагчдаас эхлээд техник хэрэгсэл, хууль бүгд АН-ын талынх. МАН-д юу байв, сонгогчид л байсан.

 

3. Баян-Өлгий, Хэнтий зэрэг аймагт саналын хуудас дууссан шалтгаанаар канондсон саналын хуудсаар санал авахуулсан. Үүнийг хасаж тооцох гэнэ. Сонгуулийн төдийгүй бүхий л байгууллагыг эрхэндээ байлгасан эрх баригч нам сонгуулийн өдөр үүнийг анзаараагүй гэж өнөөдөр ярьж байгаа нь улиг, шалтаг бус уу.

 

4. Царцааны нүүдлийг авч хэлэлцээгүй. Нийт 18 мянган сонгогч нэг газраас хасагдаж нөгөө газарт нэмэгдсэнийг өнөөдөр мэдэв. Нийтлэл Д.Батбаярын хэлснээр өрсөлдөгчийнх нь зөөсөн хүнийг "царцаа”, өөрийнхөө аваачсаныг "сонгогч” гэдэг аж. АН, МАН ялгаагүй л зөөсөн, шилжүүлсэн. АН-ынхан сонгуулийн хуулийг өөрчлөх гэж улайрч байхдаа "царцаа”-ны асуудлыг зохицуулаагүй, өөрсдөдөө гомдох хэрэгтэй. Улсын бүртгэлийн газрыг хичнээн буруутгаад нэмэргүй.

 

Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн газар, хуулийн байгууллагууд дээрх дөрвөн асуудлыг 14 хоногийн хугацаанд шийдэх "даалгавар”-ыг З.Энхболд өгөв. Бүр Хуульзүйн байнгын хороог яаралтай хуралдуулж, ажлын хэсэг хүртэл байгуулахыг шаардав. Нэг үгээр хэлбэл АН төрийн ажлыг 14 хоногоор гацаах санал гаргав. Төрийн наадам боллоо. Тэр ч яахав, улс төрийнхөнд нэг их хүртээлтэй асуудал биш гэж бодоход АСЕМ яах вэ?! Нэр төрийн хэрэг хэмээн хүлээн авсан дэлхийн хэмжээний уулзалтыг ундуй сундуй төр засагтайгаар хүлээн авах уу. Дэлхийд  хүлээн зөвшөөрөгдөх гэж хичээж, гадаадын хөрөнгө оруулалт татах гэж царайчилж байгаа манай улсад энэ сайныг авчрахгүй.

 

АН-ынхан нэгэн цагт ялсан, нөгөө цагт ялагдана гэдэг үнэнтэй эвлэрэх хэрэгтэй. Өнгөрсөн дөрвөн жил эрх баригч байсан тэд энэ удаа ч "хаан”-ы суудалд залраастай байх албатай биш. Ялагдлаа хүлээн зөвшөөрөх нь Монгол төрийг, сонгогч олныг хүндэтгэж байгаагийн илрэл.

 

АН-ынхан одоо есөн суудлаа нэмэх гэж төрийн ажлыг гацаах бус намаа хэрхэн засч тордохоо бодох хэрэгтэй. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, М.Батчимэг зэрэг АН-ын залуус энэ сонгуулиас ямар сургамж авснаа олон нийтэд нуулгүй зарласан. Энэ сонгуульд АН-ын нүүрийг тахална гэж байсан энэ залуус унасан нь намынх нь буруу гэдгийг өөрсдөө ч хүлээн зөвшөөрч, олон нийт ч хэлж өгсөн. Тиймээс энэ сонгуулийн үр дүнг бус ирэх сонгуулийн бэлтгэлээ одооноос хийх нь АН-д өлзийтэй.

 

В.Хэрлэн   Эх сурвалж: Shuud.mn     Линк:  http://www.shuud.mn/content/read/470623.htm  

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen