Ташкентын “Их дуулга”-аас ганцхан медальтай ирлээ
Узбекистаны Ташкент хотноо жүдогийн цуврал “Их дуулга” ангиллын тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 68 орны 495 жүдоч оролцлоо.
Манай улсаас 14 тамирчин зодоглосноос эмэгтэйчүүдийн 52 кг-д залуучуудын олимпын мөнгө, залуучуудын дэлхийн аварга, олон улсын хэмжээний мастер Л.Сосорбарам хүрэл медаль хүртлээ.
Тэрээр Германы Маша Баллхаус, Мексикийн Паулина Мартинез, Киприйн Софиа Асвеста нарыг ялж, хэсгийн аварга болсон. Улмаар зооны аваргын төлөө дэвжээний эзэн Гульхаёо Жураевад ялагдав. Гэвч хүрэл медалийн төлөө Японы залуу жүдоч Кокоро Фүжиширог буулган авснаар шагналын тавцанд зогслоо. Тус тэмцээнээс 23 орон ямар нэгэн байдлаар медаль хүртсэний ес нь алтан медальтай нутаг буцав. Нийт медалийн дүнгээр Франц гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл авсан амжилтаар тэргүүлсэн бол Япон, Узбекистан удааллаа.
Тэгвэл Герман, Итали, Бельги, Хятад, Грек, Тажикистаны баг алтан медаль авсан байна. Түүнчлэн оросууд нэг алт авсан бөгөөд тэдний амжилтыг хүснэгтэд бичдэггүй билээ. Учир нь, оросууд алт авахад төрийн дуулал нь эгшиглэхгүй, медаль хүртэхэд далбаа нь мандахгүй, Оросын нэрийг дурдахгүй учраас амжилтыг нь медалийн хүснэгтэд эрэмбэлж тооцдоггүй юм.
Монголын жүдо бөхийн баг нэг хүрэл, нэг шагналт байр эзэлсэн амжилтаар 17 дугаарт жагсав.
Монголын жүдочдын оролцох дараагийн тэмцээн энэ сарын 8-нд эхлэх Австрийн гранпри юм. Тус тэмцээнд гавьяат тамирчин Г.Одбаяр, олон улсын хэмжээний мастер Г.Хэрлэн нар барилдана. Тэгвэл энэ сарын 22-нд Гүржийн Тбилис хотод болох “Их дуулга”-д эрэгтэйчүүдийн 60 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Цогт-Очир, 81 кг-д Г.Болор-Очир, +100 кг-д О.Цэцэнцэнгэл, эмэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин Л.Энхрийлэн, 63 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Ганхайч, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д А.Адъяасүрэн нар оролцохоор мэдүүлэг өгчээ.