Ерөнхийлөгч зөвлөхүүдээ сонгуульд сойно

Ерөнхийлөгч зөвлөхүүдээ сонгуульд сойно

 

2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр парламент анх удаа 126 гишүүнтэй болох бөгөөд тэдний 78-ийг нь олныг төлөөлөх арга буюу тойргоос, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх арга буюу жагсаалтаар сонгоно. Мөн сонгуулийн тойргийг бүсчилж хуваахаар болсон билээ. Товчхондоо 2024 оны УИХ-ын сонгууль бүхэлдээ шинэ тогтолцоогоор явна.

Улс төрийн нам, эвслүүд нэр дэвшилт, жагсаалтдаа гаргах, горилогчид нь сонгуулийн тойргоо услах ажилдаа хэдийнэ орсон.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хувьд нэр дэвшилтэд шинэ залуу, нэр цэвэр хүмүүсийг сойно гэдгээ ил, далд илэрхийлж буй. Гэхдээ ганцхан намын даргын үзэмжээр шийдэхгүй, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн нөлөө орно, энэ дөрвөн дарга л хүмүүсээ сойно. Тэдний эрх ашгийн тэнцвэр дээр нэр дэвшилт, жагсаалтад багтах нэрс тодрох болов уу.

Энэ удаа УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр зэхэж, тойргоо услаад яваа Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийг танилцуулъя.

 Ж.Энхбаяр

-Тэрээр Сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгууль болохоос зургаан сарын өмнө буюу өнгөрсөн арванхоёрдугаар сард Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа өгсөн. Одоо Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал хариуцсан зөвлөх ажиллаж буй. Өөрөөр хэлбэл, сонгуульд нэр дэвшихээр төрийн ажлаа өгч, улс төрийн албан тушаалд томилогдсон. Ж.Энхбаяр төрсөн нутаг болох Сэлэнгийн тойрогт нэр дэвших магадлалтай.

Ч.Даваабаяр 

-Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаярын хувьд төрсөн нутаг Өвөрхангай нэр дэвших сонирхол өндөр. Өмнөх сонгуулиар АН-аас Өвөрхангайд нэр дэвшээд сонгогдож чадаагүй. Тэрээр энэ жил гандан буурахгүй тойргоо усалж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн дэмжлэгээр сонгуульд хүч үзэх сонирхол өндөр байгаа аж.

 Т.Мөнхсайхан

-Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан Улаанбаатар хотын тойрогт нэр дэвшихээр бэлтгэлдээ оржээ. Ерөнхийлөгчийн квотоор Хан-Уул дүүрэгт нэр дэвшинэ гэх яриа улс төрийн хүрээнд гараад удаж буй. Т.Мөнхсайхан өмнө нь Эрүүл мэндийн сайд болон Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байхдаа шаггүй менежер гэдгээ харуулаад авсан. 

Б.Даваадалай

-Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай сонгуульд нэр дэвших бэлтгэлээ жил гаруйны өмнөөс хийж эхэлсэн. Тэрээр Баянхонгор аймгийн уугуул бөгөөд үе үе тус аймагт очиж, иргэдтэй уулзалтууд хийдэг болсон. Ерөнхийлөгчийн зарлигаар шагнал гардуулах зорилготой очоод хувийн пиараа эвтэйхэн хийчихээд ирдэг сурагтай.

 Ө.Золбаяр

-Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн албаны дарга Ө.Золбаярыг говийн бүсийн тойрог тэр дундаа Өмнөговь аймагт нэр дэвшүүлж магадгүй аж.

 Түүнчлэн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын рейтинг Өвөрхангай аймагт нэлээд өндөр байгаа бөгөөд тэрээр дэвших магадлал бий. Гэхдээ зарим эх сурвалжийн мэдээллээр Я.Содбаатар сонгуульд намаа удирдан оролцоход чухал үүрэгтэй байж, жагсаалтаар орж ирэх магадлал нь өндөр байгаа аж.

 

https://itoim.mn/a/2024/01/18/politic/ivs

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen