Д.Амарбаясгалан л өөрөө хүсвэл МАН-ын ЕНБДаргаар үргэлжлүүлэн ажиллана...

Д.Амарбаясгалан л өөрөө хүсвэл МАН-ын ЕНБДаргаар үргэлжлүүлэн ажиллана...

 

МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга, Монгол Улсын Сайдаар томилогдсон нь гэнэтийн шийдвэр байжээ. Солонгост ажиллаад Засгийн Газрын томилгоонд оролцохоор ирсэн түүнд ЗГХЭГ-ийн даргаар ажиллахыг анхлан санал болгосон хүн нь Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ ба Ерөнхийлөгч ч дэмжиж буйгаа илэрхийлснээр асуудал шийдэгдсэн байна.
 
Д.Амарбаясгалан 2016 онд МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн даргаар томилогдсоноос хойш тус нам Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд ялагдаж, УИХ-ын 2020, мөн Сонгино Хайрхан дүүрэг, Хэнтий аймагт болсон нөхөн сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд тус тус ялалт байгуулжээ. УИХ-ын 2020 оны сонгуулийн ялалтын дараа Д.Амарбаясгалан ямар нэг төрийн ба улс төрийн албан тушаалд очихгүй нь маш тодорхой байсан. Учир нь түүний өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд ялалт байгуулах гэсэн том даалгавар байв.
 
Харин Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялсны дараа бол түүнд Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын Дарга, Монгол Улсын Сайд, Монгол Улсын Шадар Сайд, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Дарга, тэр бүү хэл Монгол Ардын Намын Дарга болох ч боломж байсан боловч Д.Амарбаясгалан татгалзсан.
 
Тухайн үедээ "Улс төрийн намын шинэчлэлийг гардан хийх хүсэл байна" гэх даруухан тайлбар хийж байсан түүний бодол өөрчлөгдөх болсон шалтгаан нь яах ч аргагүй бусдын санаачилгаас үүдэлтэй нь мэдээж.
Тэгвэл чухам Д.Амарбаясгаланг ЗГХЭГ-ийн дарга болгох бусдын бодол юунаас үүдэлтэй вэ?
Нэг талаас ажилсаг Д.Амарбаясгалангийн менежерийн чадварыг Засгийн Газар, Монголын төрд ашиглах гэсэн сайхан санаа байж болно.
Нөгөө талаас ор нь гарах МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргын албан тушаал байж ч мэднэ. УИХ-ын 2024 оны сонгууль тун удахгүй болно. Нэр дэвшигчдийг сонгохоос эхлээд маш олон чухал үүргийг чухам "Генсек" л гүйцэтгэх учиртай. Иймээс түүнийг Засгийн Газар луу дэвшүүлэн, МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргаар өөрийн хүнээ томилох сонирхол нэг бус хүнд төрснийг үгүйсгэж болохгүй. Гэвч энэ бүх зангилааг тайлах хөзөр ч аанай л Д.Амарбаясгалангийн гарт байгаа гэх.
 
МАН-ын дүрмээр МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга өөр албан тушаал хавсарч болохгүй. Гэхдээ энэ бол дүрэм. Уг дүрмийг МАН-ын Бага хурлаар өөрчилдөг. МАН-ын Бага хурал 369 гишүүнтэй. Уг 369 гишүүний талаас  илүү нь Д.Амарбаясгаланг дэмждэг талынхан гэнэ. Өөрөөр хэлбэл үнэндээ Д.Амарбаясгалан л өөрөө хүсвэл намын дүрмийг ч өөрчилж чадна, МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргаар ч үргэлжлүүлэн ажиллах боломжтой гэсэн үг.
Харин Н.Энхбаярын "хаанчлалын үед" ч байгаагүй өөрчлөлтийг дүрэмдээ хийн, эрх мэдлийн төлөө явах эсэх нь давын өмнө МАН-ын гишүүдийн уур амьсгал, хандлага, хамгийн гол нь Д.Амарбаясгалангийн өөрийнх нь дотоод итгэл үнэмшлээс шалтгаална.
 
Э.Мягмар
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen