АНУ Оросоос уран импортлохыг хориглоно

АНУ Оросоос уран импортлохыг хориглоно

 

ОХУ-аас гаралтай, бага баяжуулсан уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим дэмжжээ. Энэ талаар ВВС агентлаг дамжуулсан байна. 

 

Энэ хуулийн төсөлд ОХУ-д үйлдвэрлэсэн эсвэл энэ улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжээс бага баяжуулсан уран импортлохыг 2040 он хүртэл хориглох тухай тусгажээ. Хэдийгээр энэ хуулийн төсөл батлагдсан ч АНУ өөр орнуудаас уран авах боломжгүй, эсвэл Оросоос худалдан авах нь АНУ-ын ашиг сонирхолд нийцэж байгаа гэж үзвэл АНУ-ын Эрчим хүчний сайд Төрийн нарийн бичиг болон Худалдааны сайдтай зөвшилцсөний үндсэн дээр энэ хоригийг цуцлах эрхтэй аж.

 

Энд дуулгахад ОХУ бол АНУ-ыг уранаар хангадаг хамгийн том нийлүүлэгчдийн нэг юм. Энэ онд гэхэд л АНУ Оросоос худалдан авах ураны хэмжээг 2023 оны 10 дугаар сард гурав дахин нэмж, 62,8 сая доллараар 43,25 тонн уран Оросоос худалдан авсан байна.  Оросын хэвлэлүүдэд мэдээлснээр, энэ оны 10 дугаар сард уран худалдан авсан хэмжээ нь хоёр орон ураны худалдаа хийснээс хойших түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн хоёр дахь тохиолдол болж байгаа аж.  АНУ 10 дугаар сард нийтдээ 176 тонн ураныг 300 сая доллараар худалдан авсан байна. Хамгийн их ураныг Их Британиас худалдан авсан бөгөөд энэ улсаас АНУ 98,3 тонн ураныг 177,4 сая доллар төлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen