Ши, Путиний уулзалтаар хэлэлцэх эдийн засгийн тэргүүлэх чиглэл

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д гурван өдрийн айлчлал хийж, Бээжин-Москвагийн харилцааг идэвхжүүлж, эрчим хүчний статусаа бэхжүүлэх зорилготой байна. Энэ сарын эхээр Саудын Араб, Ираны хооронд хурцадмал байдлыг намжаахад тусалсны дараа Ши Жиньпин энэ айлчлалаа Украины дайныг зохицуулах 12 зүйл бүхий энхийн төлөвлөгөөг сурталчлах зорилгоор ашиглаж байгаа бөгөөд энэ саналыг Путин "хүндэтгэсэн" тухай мэдээлэл байна.

Ши Жиньпин, Путин хоёрын хамтын ажиллагааг өргөжүүлэх гол салбар

Оросын эрчим хүч

Барууны худалдан авагчид эрчим хүчний импортыг хориглосны улмаас Хятад улс Оросын газрын тос, байгалийн хийн томоохон худалдан авагч болж байна. Хятадын гаалийн мэдээгээр Орос 2022 онд  өдөрт 1.94 сая баррель газрын тос нийлүүлжээ. ОХУ-аас Хятадад экспортлох түүхий нефтийн хэмжээ  нэмэгдэж, 2022 онд найман хувиар өсөж, өдөрт 1.72 сая баррельд хүрсэн байна. Хятадын Оросын дамжуулах хоолойн хий болон шингэрүүлсэн хийн импорт өнгөрсөн онд тус бүр 2.6 дахин, 2.4 дахин өсөж, 3.98 тэрбум ам.доллар болон 6.75 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүний зэрэгцээ Хятадын Оросын нүүрсний импорт 20 хувиар нэмэгдэж, 68.06 сая тонн болжээ. Хятадаас гадна Оросын эрчим хүчний томоохон худалдан авагчдын тоонд Энэтхэг, Турк багтаж байна. Украин дахь дайн дуусах шинжгүй байгаа тул борлуулалт үргэлжлэн өснө гэж шинжээчид таамаглаж байна.

Хятадын бараа бүтээгдэхүүний импорт

Оросууд Украин руу довтлохоос өмнөхөн Хятад, Орос хоёр "хязгааргүй түншлэл"-ээ зарласан. Орос Хятадад эрчим хүчээ экспортлож хариуд нь  Хятадын бараа бүтээгдэхүүн, тэр дундаа машин механизм, электрон бараа, энгийн металл, тээврийн хэрэгсэл, усан онгоц, нисэх онгоц зэрэг импортыг нэмэгдүүлсээр байв. Хятадын гаалийн мэдээгээр 2022 онд Хятадаас Орост хийсэн экспорт 76.12 тэрбум ам.долларт хүрч, өмнөх онд  67.57 тэрбум ам.доллар байснаас 10 орчим тэрбумаар өссөн байна. Барууны брэндүүд Оросоос дүрвэснээр Хятадын “Geely Automobile Holdings”, “Chery Automobile”, “Great Wall Motor” зэрэг  нь Оросын зах зээлийн 17 хувийг эзэлжээ. Ерөнхийдөө өнгөрсөн онд хоёр талын худалдааны хэмжээ бараг гуравны нэгээр нэмэгдэж, 190 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд цаашид ч өсөх хандлагатай байна. Гэвч тэдний эдийн засгийн харилцаа тэнцвэргүй байна.

Ам.доллароос татгалзах

Украины түрэмгийллийн эхний өдрүүдэд Оросын төв банк болон Оросын арилжааны банкуудын хөрөнгийг царцаах, Оросын санхүүгийн байгууллагуудыг SWIFT олон улсын төлбөрийн системээс таслах, барууны банкууд болон зээлийн картуудыг орхих зэрэг арга хэмжээнүүдийн улмаас Оросын эдийн засаг түр хугацаанд уналтад орсон. Олон улсын энхтайвны Карнегийн сангаас мэдээлснээр, есөн сарын хугацаанд юаньд суурилсан гүйлгээний эзлэх хувь нийт 0.4 хувиас 14 хувь болж өссөн байна. Есдүгээр сард Оросын хоёр банк юаниар зээл олгож, мөн SWIFT-ийн оронд валютыг мөнгөн шилжүүлэгт ашиглаж эхэлсэн. Орос  юаниас улам бүр хамааралтай болсноор тус улс аравдугаар сард Хятадын мөнгөн тэмдэгтийн дөрөв дэх том оффшор худалдааны төв болсон.

https://www.aljazeera.com/economy/2023/3/21/no-limits-partnership-xi-and-putins-economic-priorities

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen