Гүсэн түгийн мандал өргөлөө
Өвлийн адаг сарын сүүлийн өдрийг монгол түмэн битүүний өдөр хэмээн нэрлэж эл өдрийг эртнээс уламжлан ирсэн тусгай зан үйлээр үддэг заншилтай билээ. Битүүний өглөөнөөс шинийн нэгний өглөөний нар мандах хүртэл сүм хийдэд ном хурж, Ванданлхам буюу Лхамбурханыг тахиж, монгол айл бүхэн гэрийнхээ хойморт бурхан залж, идээ будаа өргөдөг ёстой. Энэхүү уламжлалын дагуу бич жилийн өвлийн адаг сарын битүүнд нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү болон бусад албаныхан Төгс Буянт Түвдэн Пэлжээлин хийдэд очин Гүсэн түгийн мандал өргөж, ирэх цагийн сайн сайхан бүхнийг нийслэлийн иргэддээ ерөөн, ирж буй жилдээ хийх аливаа үйл хэрэг, ажил үйлсийг нь даатган ном хурууллаа. Гүсэн түгийн мандал гэдэг нь бие, хэл, сэтгэлээр үйлдсэн нүгэл хилэнцийг ариусгах, санасан ажил хэрэг нь сэтгэлчлэн бүтэхийн тухайд бурханы лагшин зарлиг, таалалд мандал өргөдөг зан үйл юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.