Чингис хот-Ульхан боомт чиглэлд эхлүүлсэн авто замын үргэлжлэл 248.3 км бүтээн байгуулалтыг эхлүүллээ
Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд улсын хэмжээнд хилийн 14 боомтыг авто болон төмөр замаар холбох томоохон зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа. Эдгээрийн нэг нь Хэнтий аймгийн Чингис-Бэрх-Ульхан боомт чиглэлийн 318.3 км авто замын бүтээн байгуулалт юм. Уг авто замын эхний 70 км буюу Чингис-Бэрх чиглэлийн хатуу хучилттай авто зам бэлэн болсон. Үүний үргэлжлэл 248.3 км авто замын төслийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн Норовлин суманд өнөөдөр ажиллахдаа бүтээн байгуулалтыг нь эхлүүллээ.
Хэнтий аймгийн аялал жуулчлалын гол маршрут болох Чингис хот-Ульхан хилийн боомт чиглэлийн энэхүү 248.3 км хатуу хучилттай авто замаас Өндөрхаан-Норовлин чиглэлийн 130.6 км хатуу хучилттай авто замын багц 1-р хэсгийн 68.6 км авто замыг “Наранбулаг-хан” ХХК, багц 2-р хэсгийн 62 км авто замыг “Мотор сервис” ХХК, Норовлин-Баян-уул чиглэлийн 68.3 км авто замыг “Монгол зам групп” ХХК тус тус хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулан, барилгын ажлаа эхлүүлээд байна.
Чингис хот-Батноров-Норовлин-Дорнод аймгийн Баян-Уул-Ульхан чиглэлийн улсын чанартай авто зам ашиглалтад орсноор зүүн гурван аймаг ОХУ-ын Дээд Ульхан хилийн боомттой шууд холбогдоно.
Чита мужаар дамжин ОХУ-тай хатуу хучилттай авто замаар холбогдсон хилийн боомтын тоо нэгээр нэмэгдэнэ. Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн иргэд ОХУ-руу аялал жуулчлал хөгжүүлэх, бизнес эрхлэх таатай боломж бүрдэх юм