Д.Гантулга: Төр жолоочийн хариуцлагын даатгалыг авна гэнэ. Гэтэл төрд очсон бизнес хөгжсөн түүх бий бил үү?

Д.Гантулга: Төр жолоочийн хариуцлагын даатгалыг авна гэнэ. Гэтэл төрд очсон бизнес хөгжсөн түүх бий бил үү?

 

Эдийн засагч Д.Гантулгатай ярилцлаа.


-Авто тээврийн хэрэгслийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төсөл шинэ зүйл заалтаараа батлагдвал нийгэмд ямар эрсдэлүүд үүснэ гэж харж байна вэ?

-Хүн болгон заавал даатгуулах ёстой даатгалыг албан журмын даатгал гэдэг. Тэтгэврийн, эрүүл мэндийн, үйлдвэр осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал гэх мэт таван төрлийн даатгал багтдаг. Үүн дээр нэмээд жолоочийн хариуцлагын даатгалыг албан журмын буюу нийгмийн даатгалтай ижил болгох гэж байгаа нь маш буруу. Хувьчлал гэж 1990 оноос хойш социалист төр байх үеийн бүх өмчийг хувийн секторт өгсөн. Түүний эсрэг үйл ажиллагаа явагдаж байна. Хүн бүрд даатгалтай холбоотой таагүй туршлага байдаг. Энэ туршлагад үндэслэн иргэдийн тархийг угаах гэж байна. Жолоочийн хариуцлагын хүрээнд жилд 35 орчим тэрбум төгрөгийн хураамж цуглардаг. Түүнээс 50 орчим хувийг буюу 17 тэрбумыг буцааж нөхөн төлбөрт зарцуулдаг. Тэгэхээр энэ хуулийг боловсруулж буй УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан тэргүүтэй хүмүүс тал мөнгийг чинь авчихаад өгөхгүй байхыг эрмэлзэж байна. Төр энэ системийг авч сайжруулна гэсэн. Төрд очоод сайжирсан бизнес байгаа бил үү. Одоо хариуцаж байгаа нийгмийн даатгалын системээ зөв зохион байгуулж чадахгүй, өндөр насны тэтгэвэрт гарсан бүх монголчуудыг ядууралд хүргэж байна. Энэ тогтолцоог хэрхэн өөрчлөх вэ гэдэгт санаа зовохын оронд дахин жолоочийн хариуцлагын даатгалыг сүйрүүлэх гэж байна. Мөн урамшуулал өгөхөөс гадна гарах зардлын тухай яагаад хөндөхгүй байгаа юм бэ. Ард түмэнд ташаа мэдээлэл өгөөд байх юм. Энэ хууль хэрвээ батлагдах юм бол албан журмын даатгалын холбоо төрийн нэг бүтэц болно. Харин энэ ажлыг сайжруулъя, иргэддээ өгөөжтэй болгоё, олон улсын жишигт нийцүүлье гэж байгаа бол төр эндээс бүрмөсөн гарах ёстой. Энэ өрсөлдөөнд төрийн оролцоо садаа болж байна. Олон улсад чөлөөт өрсөлдөөн болж байж зардал буурч, нөхөн төлбөрийн хэмжээ ч нэмэгддэг.

-Жолооч даатгалын хураамж жил бүр төлдөг ч эрсдэл үүсэхэд нөхөн төлбөрөө бүрэн дүүрэн гаргуулж чадаж байна уу, ер нь даатгалд төлсөн мөнгө бусдын бизнесийн өгөөж болоод яваад байна гэх нь бий. Ингэснээр төр оролцвол илүү өгөөжтэй юм шиг тайлбарлаад байна. Өгөөжтэй байдлыг төрийн оролцоогүй нэмэгдүүлэх боломж байгаа юу?

-Зөвхөн Улаанбаатар хот л гэхэд 600 мянга орчим тээврийн хэрэгсэлтэй. Маш олон машин явж байгаа учир ихэнх тохиолдолд хоёр машин хоорондоо мөргөлдөх осол гардаг. Өөрөөр хэлбэл, онолын үүднээс энэ нь их тооны хууль хэрэгжиж эрсдэлээ тарааж болдог бизнес гэсэн үг. Гарч байгаа хохирлын давтамж олон нийтийг хамардаггүй, хоёрхон хүнийг хамардаг болохоор даатгалын компаниуд 100 хувь бие даан гүйцэтгэх боломжтой үйл ажиллагаа.

Харин төрийн оролцох ёстой үйл ажиллагаа бол нэг даатгалын тохиолдол гараад хохирол үүсэхэд олныг хамардаг, компани дийлэхээргүй хэлбэр юм. Тухайлбал, сүүлийн жилүүдэд газар хөдлөлт, чичиргээ нэмэгдэх болсон. Төр энэ асуудалд газар хөдлөлтийн даатгалын системийг яаралтай оруулж ирэх шаардлагатай. Өмнө нь ийм том ажил байсаар байхад даатгалын компаниудын хэрэгжүүлж буй үйл ажиллагааг булааж авах гэж байгаа нь их хардлага төрүүлж байна. Монгол Улс маань социализм руугаа буцах чиг ажиглагдаж байна. Даатгал шиг ийм жижиглэнгийн бизнест төрийн оролцоог багасгаж, машинтай хүн бүр заавал даатгуул, хэрвээ осол гаргах юм бол жолооч та хохирлоо барагдуул, ийм л журамтай.

-Нийт 35 тэрбум төгрөг цуглардаг гэлээ. Хэрэв энэ ажлыг төр хариуцвал төсөвт юмуу төрийн санд ийм хэмжээний мөнгө орж ирнэ. Тэгэхээр энэ мөнгөн дээр төрийн менежмэнт хийх шаардлага үүснэ. Гэтэл нийгмийн даатгалын тогтолцоо хэрхэн дампуурсан билээ. Уг асуудалтай жишиж болох уу?

-Нийт хураамжийн орлогын хэмжээнд л яриад байгаа. Мэргэжлийн үүднээс тайлбарлах юм бол орж ирж байгаа хураамжаас нөөц сан үүсгэнэ, нөхөн төлбөрт өгнө. Нөөц сан нь онцгой тохиолдолд чухал ач холбогдолтой. Нөөц сан нэмэгдэхийн хэрээр их хэмжээний эрсдэлийг даана. Одоогийн байдлаар 27 тэрбум төгрөгийн нөөц сан албан журмын даатгалын холбоон дээр үүссэн байгаа. Үүнийг шимтгэл, замын татварын даатгалаас төвлөрүүлсэн. Төрд энэ сангийн эзэн болох гэсэн хуйвалдаан явагдаж байна. Яригдаад байсан ЖДҮ-ийн сан гэдэг шиг дахин ийм сан үүсгэх гээд байна. Тэр сан ажиллаагүй шүү дээ. ЖДҮ-ийн сан гэхэд ЖДҮ эрхлэгчиддээ очоогүй. Хувийн өмчийг нийгмийн өмч болгодог үзэл суртал эхэлж байна. Монголчуудын 90 онд хийсэн чөлөөт зах зээл, ардчилсан нийгмээс ухрах гэж байна.

Жолоочийн хариуцлагын даатгалтай зэрэгцээд нийгмийн даатгалын багц хуулиуд орж ирж байгаа. Эдгээр хуулийн цаад агуулга Монгол Улсыг буцаагаад төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг руу оруулж байна. Эдийн засгийн утгаар бүх бизнесээ нийгэмшүүлж төрдөө буцааж авч, үг хэлэх эрх чөлөөг хааж эхэллээ. Даатгалын компаниуд ашиг олоод байна гэдэг өнцгөөр биш, нухацтай бодох хэрэгтэй байна. Төгс өрсөлдөөнд ашиг гэж байдаггүй. Хэрэглэгчээ татахын тулд илүү сайн үйлчилгээг хүргэхийг зорьдог.

-Осол гаргаагүй бол урамшууллын систем үйлчилнэ гэсэн. Энэхүү ярианд хүмүүс их татагдаж байна. Энэ нь үнэхээр өгөөжтэй юм уу?

-Энэ бол жинхэнэ хүмүүсийн тархийг угааж байгаа хэрэг. Урамшууллын системийг даатгалын үйл ажиллагаа зах зээлийнхээ зарчмаар өөрөө нэвтрүүлчихдэг юм. Үндсэн санаа нь би энэ жил осол гаргаагүй учир дараа жил даатгал төлөхдөө урамшуулал авч бага хэмжээний хураамж төлнө. Гэтэл хураамжийг хэдий хэмжээний эрсдэлтэй вэ гэдгийг шинэ хуулиндаа тариф гаргачихсан байсан. Ийм тариф, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеийн арга хэмжээнүүдийг устгах хэрэгтэй. Энийг устгаад даатгалын компаниуд өөрсдөө мэд гээд орхих юм бол урамшууллын системийг утгаар нь хэрэгжүүлнэ. Тэр тооцооллыг хийдэг мэргэжилтэн ч байдаг. Зах зээл нь өөрөө ажилладаг механизм болохоос төр урамшуулдаг ажил биш. “Ковид тусаагүй хүмүүсийг урамшуулъя” гэдгээс ямар ч ялгаагүй. Хүмүүсийг ялгаварласан, ямар ч эдийн засгийн хөшүүрэггүй, захиргааны арга хэмжээгээр асуудалд хандаж байна.

-Нийт бүтцээрээ нэг намаас хамааралтай болох гэж бага багаар шат ахиж байна гэсэн хардлага байж болох уу?

-Төрийн хийж буй үйлдэл, гаргаж буй шийдвэрүүдээс яг ийм байдал ажиглагдаж байна. Энэ улс цаашдаа төр нь бүх бизнесээ хийдэг, хүмүүс эсэргүүцэл, үзэл бодлоо илэрхийлэхээр барьж аваад хорьчихдог болж байна. Парламентын засаглалаа бэхжүүлнэ, үндсэн хуулинд заасан хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг байгуулна гэж ярьдаг ч бүх зүйл эсрэгээрээ байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen