SOS: Дахин нэг эмэгтэй хүчирхийллийн улмаас амь насаа алдлаа
-2020 ОНД 20 ЭМЭГТЭЙ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН УЛМААС АМЬ НАСАА АЛДСАН-
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний амь нас санаатайгаар хохироосон этгээдийг цагдаагийн байгууллагаас саатуулсан байна.
Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн аравдугаар хороонд “Нөхөртөө зодуулсан эмэгтэй, хөдлөхгүй, амьсгалахгүй байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад, тус хороонд оршин суух хаягтай 36 настай эмэгтэйг нөхөр нь зодож, амь насыг нь хохироосон болох нь тогтоогджээ.
Талийгаач эмэгтэй нас барах өдрөө эмнэлэгт хэвтэх гэж байсан гэх ба өмнө нь хэд хэдэн удаа хүчирхийлэлд өртөж байсан тухай гэрчүүд мэдүүлсэн байна.
Түүнчлэн тухайн гэр бүлд архинаас үүдэлтэй хэрүүл маргаан байнга гардаг байсан талаар ярьжээ.
Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар, талийгаач нь нөхрийн хамтаар сүүлийн хоёр хоног архи уусан гэх бөгөөд согтуурсан үедээ маргалдаж, ийнхүү амь насаа алдсан ажээ. Хэргийг харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 2021 оны эхний гурван сарын байдлаар 388 бүртгэгдсэн нь ноднингийн мөн үеэс 39 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин өнгөрөгч онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 20 хүн амь насаа алдсан харамсалтай тоо баримт бий.
Гэр бүлийн хүчирхийлэл нь далд явагдахын зэрэгцээ, давтагддаг, давтагдах бүрдээ шинж чанарын хувьд улам ноцтой болдог өвөрмөц шинж бүхий үйл явц юм. Нөгөө талаас нийтийг хамарсан цар тахал дэгдсэн энэ цаг үед олон нийтийн дунд бухимдал стрессийн түвшин нэмэгдсэний улмаас гэр бүлийн хүчирхийлэл өсөх зүй тогтол манай улсад ч мөн илэрч байгаа талаар Цагдаагийн ерөнхий газрын статистикийн тойм мэдээлэлд дурджээ.
ZINDAA.MN