Би, бидний үеийнхэн бүгд мэдэх, зууны манлай "Соёл Эрдэнэ" хамтлаг
Энэ алдарт хамтлагийн талаар миний бичих гэж юу байхав тайзан дээр анх тоглож байсныг нь оюун ухаан тархинд маань бичигдэж үлдсэнийг цаасан дээр буулгаж бичих санаатай. Бичигч би зохиолч, судлаач, хөгжмийн зохиолч, хөгжимчин бүр биш одооны хэллэгээр хөгжөөн дэмжигч, фэн нь байгаа юм. 50 гаруй жилийн өөрийн бодол, дурсамжаа бичиж байгаа учир алдаа оноо байвал уучлаарай.
Анхны тоглолтыг нь үзсэн минь:
Соёл Эрдэнэ хамтлагийн анхны тоглолт нь 1971 оны намар өвлийн заагаар тоглогдож байсан үед би сургуулийн сурагч байсан бөгөөд төвийн сургуулийн хүүхдүүдийн дунд цахилгаан хөгжмийн хамтлаг байгуулагдан концерт нь тоглогдож байгаа яриа дуулдаж байлаа. Бага зэрэг түүх өгүүлье. Нэг өдөр багын найз С.Лувсанхүү маань энэ тоглолтыг үзэх юмсан гэж санал тавилаа. Манай хоёрынх одоогийн байгаа Баянгол ресторан болон 220.000-т баригдаагүй байхад түүний буурин дээр Цагдан сэргийлэх газрын харъяа Авто техникийн хэлтсийн офицер ажилчдын байр байхад айл хөршөөр хамт байж багадаа танилцсан хоёроо.
1964 оноос дахин төлөвлөлтөнд орж нүүцгээсэн ч бид хоёр хоорондоо холбоотой байсан бөгөөд найз маань маршал Х.Чойбалсангийн нэрэмжит 1-р арван жилд сурч байв. Энэ үед өнөөх тоглолтоо хэрхэн үзэх талаар сэтгэлд хадаатай бөгөөд найз маань хичээлээ таслаж байгаад тасалбар авч, үнэ нь тэр үед 5 төгрөг, би ч мөнгөө хурдан өгч наддаа л их мөнгө байв. Концертын тасалбар олдохгүй бөөн дараалал үзвэрээ үзэх гэж арай хийж орж байлаа. Цагдан сэргийлэхийн ажилтнууд зохицуулж нохой авчирч байсан нь содон бөгөөд тэр үеийн нам төрийн тэргүүний гэр ойр учир журам дэглэмийг их сахиулдаг үймээн шуугиантай дуулиантай ч байсан бөгөөд хот маань төв хэсгээрээ хөгжчихсөн 1-р 40-н мянгат , 50-н мянгат, бага тойруу, 120-н мянгат, Комбинат, Микр гэсэн дошныхон үүсчихсэн, концерт тарах үеэр асуудал /зодоон, дээрэм/ гарах үе байдаг байсан. Бид нартай хамт 50-н мянгатын мангарын байрныхан, 2 дох бэльтажид үзэж байгааг найз маань хэлж болгоомжтой гарна шүү гэж анхааруулж байлаа.
Хамтлагийн гишүүдийн талаар товч дурьдъя:
Хамтлаг маань УАДБЧ-ын дэргэд байгуулагдан анхны гишүүдээр Хөгжим бүжгийн сургууль төгссөн 4-н залуу ятгачин Б.Наранбаатар, Ж.Батсайхан, Б.Эрдэнэхуяг, Д.Цэрэнбат нар санаачлан байгуулж, ахлагчаар нь Б.Наранбаатар сонгогдсон байна. Намайг тоглолт үзэх үед тайзан дээр даралтат хөгжмөөр Б.Наранбаатар /УГЖ/, соль гитар Д.Галсанбат /УГЖ/, ритм гитар Д.Цэрэнбат, аргил гитарчаар Ж.Батсайхан, бөмбөрчнөөр Жаргалсайхан /УГЖ/ нар тоглож байлаа. Дуучнаар УАДБЧ-н алдарт дуучин Г.Түмэндэмбэрэл /МУАЖ/, дуучин Н.Гэрэлт-Од, дуучин Амарсанаа /Анхны бороо/, дуучин Ичинхорлоо /Дуншаан гөөгөө/ нар нь олон сайхан дуунуудыг дуулж, концертын анхны хөтлөгчөөр нэвтрүүлэгч Батбаяр /СГЗ/, концертын завсар нэрт жүжигчин Латиф инээдмийн номер үзүүлж үзэгчдийг баясгаж байлаа.
1970-аад он гэдэг чинь урлаг соёлд маш их цензуртэй, Соёл эрдэнэ хамтлагийн концертыг олон түмэнд толилуулахын өмнө Хянан шалгах комисс нарийн шалгасны эцэст Төрийн шагналт, Ардын жүжигчин эрдэмтэн зохиолч Э.Оюун гуай бусад комиссын гишүүдээс их дэмжлэг өгч батлагдсан гэдэг. Хамтлаг маань ардын дууны чиглэлээр “Хадны орой", “Хүүш Дамдин”, “Дангийн даавуу майхан”, “Байгалиас ирсэн охин” дуунуудыг дуулж, гитарчин Д.Галсанбатын “Охидын бүжиг” соль гитарын гоцлол, Б.Наранбаатарын ятгаар тоглосон С.Баатарсүхийн хөгжим “Цэнхэр залаа” зэрэг тоглолт бүр нь үзэгч залуучуудыг байлдан дагуулж байлаа. Аргил гитарч Ж.Батсайхан баруун маягийн хөдөлгөөнтэй гитарын утсаа долоовор, дунд, ядам, чигчий хуруугаар тоглож бүгд гайхалтай тоглолтуудыг үзүүлж байлаа. Дуучид, хөгжимчид солигдож шинэчлэгдэхийн хирээр хамтлагийн урын сан баяжиж “Сэтгэлийн жигүүр”, “Учралын уянга”, “Тонжоо", “Зүрхний айзам” дуунуудад ая хийж найруулсан нэрт хөгжимчин З.Зундарийн бүтээлүүдээс харж болно.
З.Зундарь онцгой авъяастай бөгөөд хамтлагаасаа гарч, “Мөнгөн хүрхрээ” нэртэй анхны рок хамтлаг байгуулсан нь залуучуудын эрэл сурал болж байсан.
Д.Галсанбат “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, “Тэмээн жингийн цуваа”, “Сайхан үйлсийн төлөө”, З.Зундарийн ая “Чамдаа”, “Амин насны урсгал”, Г.Жаргалсайханы /том/ “Сөгнөгөрийн гол”, “Хүлээлт”, “Боодогтой сэвгэр” найруулга дуунууд нь тэр үеийн арван жил, оюутан залуус бидний аялан дуулах дуртай, сэтгэлд хоногшсон дуунууд болж билээ. Д.Галсанбатын тухай бичихэд 1973 онд ДЗО-ы их наадамд Соёл эрдэнэ хамтлаг албан ёсоор оролцох болоход цэрэгт татагдан дээд газрын шийдвэрээр чөлөөлөгдөн халзан толгойтой оролцож байсан нь сонин болов уу. Цензур их учир үсээ их ургуулж, өргөн өмд өмсөхийг хамтлагийнханд хорьж, барууны дуу дуулахвий гэж болгоомжилж байсан ч трапец өмсөж өртөж л явлаа.
Эхэн үеийн дуучин Б.Нандинцэцэг /СТА/, Б.Баяр, хөгжимчнөөр Г.Жагаа /том, УГЖ/, Д.Жаргалсайхан /УГЖ/, Д.Дамдинсүрэн, даралтат хөгжимчин, хамтлагийн ахлагч Дамдин, Б.Батболд, бөмбөрчин Б.Цолмон/ УГЖ Цоомоо/, ритм гитарчнаар дуурийн Д.Ганхуяг /УГЖ/, Х.Булган, Болоож, вовка Д.Энхболд, Өлзий-Орших /Өөжгий/, Б.Батчулуун /УГЗ Бачка/, дунд үеийн дуучнаар Д.Дуламсүрэн, Ч.Насантогтох /УГЖ/, Уранчимэг /УГЖ/ гэх мэт залуус тоглосон. Соёл Эрдэнэ хамтлагт гишүүнээр орж дуулж хөгжимдөнө гэдэг нэр төрийн хэрэг байлаа. Дуучин Т.Ариунаа /УГЖ/ 1985 онд 10-р ангиа төгсөөд дуучнаар орж байсан түүхтэй. Тус хамтлаг “Мөнгөн чавхдас” нэртэй цуврал бүтээлүүд, “Шалзад баахан шарга” гэсэн ардын дууны тоглолтуудыг хийж, тухайн үеийн Соёлын яамны гранпри шагналуудыг хүртэж байв.
Улсын Филармонийн мэдэлд очсон нь:
1972 онд төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Намсрайжавын санаачилгаар Улсын Филармони байгуулагдахад Улсын симфони найрал хөгжим, Баянмонгол чуулга, Соёл Эрдэнэ хамтлаг нэгдэн урлагийн нэг байгууллага үүсч, тухайн үед удирдах дарга нарын нэг байсан, БНБАУ-д Дуурийн дуулаачийн мэргэжлээр төгсөж ирсэн Д.Ухнаа томилогдон олон жил удирджээ. Энэ хүн өнөөдөр МУ-ын Гавъяат жүжигчин, Ардын жүжигчин, ОХУ-ын Буриад улсын УГЗ цолтой, СУИС-ийн Хүндэт профессор, Олон улсын дуучдын шүүгч бөгөөд Соёл Эрдэнэ хамтлагийг удирдан чиглүүлж алдарын тавцанд хүргэлцсэн, яах аргагүй мартаж болохгүй хүн дээ. Монгол Улсын эстрадын түүхийн амьд лавлах, “Анд нөхдийн ая дуу” концерт нь энэ хүний брэнд нь юм аа. Соёл Эрдэнэ хамтлагийн 20 жилийн ойгоор Д.Галсанбат МУГЖ цол хүртсэнээр булган сүүлтэй байж өнөөдөр рок попынхноос 40 гаруй уран бүтээлч төрийн шагналт гавъяат цолтон төрсөн нь Д.Ухнаа даргатай салшгүй холбоотой.
Төгсгөл үе.
1971 оноос дунд сургуулийн сурагч байхаасаа эхэлж дэмжигч нь байсан би идэр залуу насандаа армид ажиллаж байхдаа 1988 онд Эвлэлийн хорооотойгоо хамтран Соёл Эрдэнэ хамтлагийг урьж цэргийн ангийнхаа клубт офицер ахлагч, дайчиддаа тоглолтыг нь үзүүлэхэд маш их баярлаж байсан нь сэтгэлд тодхон үлджээ. Миний эхнэрийн 1977-1987 онд хөтөлсөн үзвэрийн судалгааг харахад жилд тогтмол 1 удаа үзсэнийг харах юм бол дээрх он жилүүдэд үзсэн тоогоо нэмбэл багагүй тоо гарна.
Зууны манлай 50 нас хүрч байгаа хамтлаг маань Монголдоо эстрад урлагийг хөгжлүүлэх түүчээ нь болж хойноосоо хүүхдийн паркад “Дөмөн”, эвлэлийн төв хороонд “Залуус”, МҮЭ-ийн Соёлын төв ордны дэргэд “Айзам”, архи пивоны үйлдвэрийн “Боргио”, “Мөнгөн хүрхрээ” рок, “Инээмсэглэл”, Дуурийн “Үүрийн туяа”, төмөр замд “Ногоон гэрэл”, Барилгачдын соёлын ордны дэргэдэх “Өргөө”, армийн “Оч”, Гутлын үйлдвэрийн хамтлаг, 1990-ээд оноос “Чингэс хаан”, “Хөх тэнгэр", “Харанга”, “Аясын салхи”, ”Харш”, “Хурд”, “Никитон”, охидын “Спайк”, “Уруулын будаг” хамтлагууд төрөн гарсаар олон авъяастнуудыг төрүүлсэн.
Өнөөдөр “Соёл эрдэнэ-Өргөө” нэртэй болсон ч алдарт гитарчин, хөгжмийн зохиолч, Урлагийн гавъяат зүтгэлтэн том Жагаа маань голомтоо сахин дуулж тоглосоор байна. Тавин жилийн урын сантай Соёл Эрдэнэ хамтлагийнхандаа баярын мэнд хүргэе, та нар Монголын The Beatles юм шүү.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн дугаар хорооны иргэн, бэлтгэл ахлах офицер Д.Энхбаяр
2021 оны хавар, зун
Эх сурвалж: "Хөх Толбо" сонин