3818 бөхөн мялзан өвчнөөр хорогдоод байна

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг энэ сарын эхээр Говь-Алтай аймгийн Халиун, Шарга, Дарви, Ховд аймгийн Дарви, Чандмань сумын Шарга, Хүйсийн говь, Дөргөний хүрэн талд бөхөн мялзангаар өвчилж олноор хорогдож байгаатай танилцсан байна.  

 

Өнөөдрийн байдлаар 3818 бөхөн, 24 хар сүүлт хорогдоод байгаа бөгөөд Ажлын хэсгийнхэн аймаг, сумын Онцгой комиссын өргөтгөсөн хурал хийн, хяналтын болон бөхөн устгалын явцыг дүгнэж, үүрэг чиглэл, зөвлөмж өгчээ.

 

3818 бөхөн мялзан өвчнөөр хорогдоод байна

 

Тухайлбал Шаргын говийн хяналтын пост хоорондын зайг ойртуулах, нэмэлт хүч, хэрэгсэл дайчлах, гуравдугаар сарын 01 хүртэл малын гоц халдварт өвчин гарсан үеийн хорио цээрийн дэглэмийн дагуу ажиллах, Шаргын болон Хүйсийн говь, Дөргөний хүрэн талд нутаглаж байгаа, хаваржих малчин өрх, малын тоо, байршлын судалгааг яаралтай гаргах болжээ.

 

Бөхөнгийн дархлаа суларсан учир ирэх хавраас цусан халдвараар өвчлөх магадлал өндөр байна. Иймээс олон улсын шинжээч болон мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж эхэлжээ.

 

Цаашид Шаргын говийн бөхөнгийн тандалт судалгааг яаралтай хийж, эрүүл бүс эсэхийг тогтоон байнгын тандалт хийхээр боллоо. Мөн Говь-Алтай аймгийн Халиун сумын 12 өрхийн 8000 малд вакцин хийж дуусган, Бигэр, Эрдэнэ, Чандмань сумын малыг вакцинжуулах юм.

 

Ховд аймгийн Дөргөнө сумын Агушийн арал дээр 22, Хомын талд 44, Манхан сумын Адгийн худаг, Дугуйн ам, Талын хар нутагт байгаа 100 гаруй эрүүл бөхөнг хамгаалж тусгаарлах, голомтын бүс рүү нэвтрүүлэхгүй байхыг зорьж байгаагийн зэрэгцээ бөхөн хамгаалах чиглэлээр малчдад ухуулга, таниулга хийж байна.  

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen