Эмээгийндээ ирсэн хүү мал хариулж яваад сураггүй болжээ
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Баяны энгэр Хавчуу” гэдэг газар 16 настай хүү А мал хариулж яваад сураггүй болжээ. Хүүгийн сураг алдарсан газар нутгийн байршил нь сумын төвөөс хойш 8 км-ын зайтай бөгөөд тэрээр энэ сарын 30-ны өдрийн 10:00 цагийн орчим явганаар мал хариулж явсан байна. Улмаар түүнийг сураггүй болсон тухай дуудлагыг энэ сарын 31-ний 01:03 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн анги, цагдаагийн хэсэг, Мандал сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.
Эрлийг тус багийн “Хавчуу” гэдэг газарт 4 км-ын радиуст зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:33 цагт түр зогсоогоод өнөөдөр /2021.02.01/ 08:30 цагт дахин эхлүүлжээ.
А нь нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 хорооны харьяат бөгөөд эмээгийндээ мал маллахаар ирээд 1 сар болж байсан юм байна.