Иргэд амрахаар бус амиа өгөхөөр гол усыг зорьдоггүй байлтай
Амралт, аялал зугаалгын цагаар иргэд өөрсдийн анхаарал сэрэмжгүй, хайнга байдлаасаа болж, ялангуяа амь насаа гол усанд алдах тохиолдол цөөнгүй бүртгэгдсээр байна.
Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн “Голын зах” гэдэг газар 3 хүн аялж явж байгаад нэг нь усанд живжээ. Тэрээр тус багийн харьяат 28 настай иргэн О бөгөөд түүнийг Орхон голд живсэн тухай дуудлагыг өчигдөр 20:53 цагт өгчээ. Тухайн дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, тус аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар өчигдөр 21:58 цагт явсан байна. Эрэн хайх ажиллагааг 05:00 цагт эхлүүлээд байгаа юм байна.
Мөн энэ сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 41 настай иргэн Б гэрээсээ гараад сураггүй болжээ. Гэтэл Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн Том гүүр гэдэг газраас 07.13-ны өдөр автомашин, хувцас нь Туул голын эрэг дээр байсан тул Туул голд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 13-ны 07:37 цагт өгчээ. Ингээд тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 12:51 цагт тус багийн “Гүүрний-Ам” гэдэг газраас цогцсыг олж уснаас гарган тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Ө.Элбэгманлайд шилжүүлэн өгсөн байна.
Өчигдөр бас нэгэн цогцос олдсон тухай дуудлага хүлээн авчээ. Тодруулбал, Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны “Задгай”-д Үерийн ус зайлуулах далангийн усанд 1 хүний цогцос байна гэсэн дуудлага 09:11 цагт иржээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж 50 орчим настай, эрэгтэй /нэр, хаяг тодорхойгүй/ хүний цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагаадгийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Цаг уурын байгууллагын мэдээллээр өнөөдөр /2020.07.13/ -ийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө, Туул, зүүн хажуугийн Барх, Балж, Хангай нурууны өврийн Байдраг, Таац, Завхан болон Сэлэнгэ мөрөн Орхон голын адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдэж, Туул, Сөгнөгөр, Ерөө, Хэрлэн, Түргэн , Ховд зэрэг голууд үерийн түвшинг 5-50 см даван тус тус хүчтэй үерлэж байна. Цаашид Туул гол Алтанбулаг, Ерөө гол Дулаанхаан сум орчимд усны түвшин 20-45 см нэмэгдэж, үерийн түвшинг 30 см орчим даван үерлэх төлөвтэй байна.
Энэ жил харьцангуй аадар бороо ихтэй жил болж байгааг хэн хүнгүй хэлэлцэж байгаа ч амрах нэрээр аялж зугаалж явахдаа албаныхны тогтмол өгч буй сэрэмжлүүлгийг хэсэгхэн хугацаанд л умартан амьдралаа алдах эрсдэлийг байнга дагуулж байна. Мэдээж хүмүүс сайхан амрахаар аяны дөрөө мулталдаг болохоос амиа өгөх тухай огт боддоггүй нь лав. Гэвч аврагчид хүний амь аврахтай зэрэгцэн цогцосуудыг уснаас гаргалаа гэх харамсалтай мэдээлэл ар араасаа цуврах болсон.
Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг гол усны аюулаас сэрэмжтэй байж, амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангаж амь насаа эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулан дахин дахин сануулж байна.