ЭМЯ-аас Баянгол дүүргийн ЭМТ-д PCR шинжилгээний лабораторийг байгууллаа

ЭМЯ-аас Баянгол дүүргийн ЭМТ-д PCR шинжилгээний лабораторийг байгууллаа

 

Ковид-19 халдварын үед ЭМЯ-аас тандалт, судалгаа, тусламж, үйлчилгээний чиглэлээр молекул биологийн лабораториудыг дүүргүүдэд байгуулсаар байна. Энэ долоо хоногт ЭМЯ-аас Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн ЭМТ-үүдэд PCR шинжилгээний лабораториудыг ашиглалтад оруулсан билээ. Тэгвэл өнөөдөр Баянгол дүүргийн ЭМТ-д ийнхүү шинэ лаборатори ашиглалтад орж байна.Шинэ лабораторийн бэлэн байдал хангагдсан эсэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх орчинг бүрдүүлсэн байдлыг шалгаж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, БГДЭМТ-ийн дарга З.Балдандугар, УНТЭ-ийн Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн дарга Ж.Саранцэцэг болон холбогдох албаныхан БГДЭМТ-ийн Эмүжин эмнэлэгт ажиллалаа.
 
 
Баянгол дүүрэгт ажиллах үеэрээ Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Улсын хэмжээнд молекул биологийн лабораториудыг нэмж, өдөрт хийгдэх шинжилгээний тоог нэмэгдүүлэх зорилгоор аймаг, дүүргүүддээ PCR шинжилгээний лабораторийг үе шаттай байгуулаад явж байна.
Нийслэлийн дүүргүүдийн хувьд өнөөдөр 4 дэх дүүрэг лабораторитой болж байна. Удахгүй Баянзүрх, Хан-Уул, Налайх дүүргүүдэд лаборатори ашиглалтад оруулах бэлтгэл ажил хийгдэж байна.
 
 
Коронавирусийн халдварын эсрэг хариу арга хэмжээний хүрээнд гурван том ажил дээр төвлөрч ажиллаж байна. Үүнд PCR шинжилгээ хийх хүчин чадал, тандалт, судалгааны ажлууд, зохион байгуулалт, болон халдвартай иргэдийн эмчилгээ, эмнэлгийн тусламжийн асуудал зэрэг юм. Тиймээс цаашид бид хүчин чадлаа нэмэгдүүлж, хариу арга хэмжээний төлөвлөгөөний дагуу хэрэгжилтүүд хийгдээд явна” гэлээ.
 
 
Мөн энэ үеэр УНТЭ-ийн Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн дарга Ж.Саранцэцэг “Ковид-19 халдварын оношлогооны хүртээмжийг сайжруулах, лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх үүднээс ЭМЯ-аас шат дараатай арга хэмжээ авч байна. Эрүүл мэндийн сайдын А/577 тоот тушаалаар ажлын хэсэг гарч, лабораторийн салбар зөвлөл, ХӨСҮТ-ээс мэргэжилтнүүд багтан ажиллаж байна. Дэлхийн алдартай брэндийн хүчин чадал сайтай оношлуур, аппаратыг ашиглаж байна. Лабораторийн мэргэжилтнүүдийг сургах, хөндлөнгийн үнэлгээ хийх, ХӨСҮТ-ээс чанарын хяналтыг газар нь хийж байна.
Молекул биологийн лаборатори нь Анагаах ухаан дотроо хамгийн нарийн өндөр ур чадвартай мэргэжилтнүүдийг шаарддаг, барилга байгууламж, дэд бүтцийн хувьд ч шаардлага өндөртэй. Тус лабораторийг зөвхөн ковидын үед гэлтгүй халдварт өвчин, вирусийн халдварууд, генетикийн өвчин үүсгэж байгаа өвчлөлийн генийг илрүүлж болох зэрэг өндөр ач холбогдолтой” гэлээ.
Түүнчлэн ЭМЯ, НЭМГ-аас чиглэл өгсөний дагуу бид шинэ молекул биологийн лабораторийг тохижуулж, халдвар хамгааллын дэглэмийн дагуу шаардлагатай орчинг бүрдүүлээд байна. Тодорхой хугацаанд туршилтын шинжилгээнүүд хийж, аппарат, тоног төхөөрөмжөө жигдрүүлнэ хэмээн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар хэлж байлаа.
 
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen