Цагаан сараар хүүхдээ дагуулж айл хэсэхгүй байх, хүүхдийг үнсэхгүй шинэлэхийг уриалж байна
Эрүүл мэндийн яам, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас хамтран өнөөдөр томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин (ТТӨ) тархвар судлалын 1 дүгээр /1 дүгээр сарын 1-7/ долоо хоногт амбулаторийн үзлэгийн 9,3 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс 0,6 хувиар бага байгаа хэдий ч томуугийн А дэд хэвшинжийн (H1N1) вирус, иж томуугийн 4-5 вирус давхар эргэлтэд байна. Энэ нь бага насны хүүхдүүд уушгины хатгаагаар хүндрэх эрсдэлийг үүсгэж байна.
Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 7.1 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс 0,3 хувиар их байна. 01 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар нийслэлийн хүүхдийн эмнэлгийн 977 орон дээр 1497 хүүхэд хэвтэн эмчлэгдэж байгаагийн 1359 нь амьсгалын замын өвчтэй хүүхэд байна. Хүүхдийн орны ачаалал батлагдсан орон тооноос 53.2%-иар хэтэрсэн боловч зөөврийн болон насанд хүрэгчдийн 520 орыг нэмэгдүүлэн зохицуулалт хийгээд байна.
Эрүүл мэндийн яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ:
Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүүхдийн 100 ортой эмнэлэг, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг 60 ортой хүүхдийн тасгийг шинээр байгуулсан. Нийслэлийн өрх болон хүүхдийн эмнэлгүүдэд резидент эмч 22, АШУҮИС-ийн төгсөх ангийн 394 оюутанг нэмэлтээр ажиллуулж байна. Чингэлтэй дүүргийн 1-10 дугаар хорооны хүүхдийн тусламж үйлчилгээг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт, Баянзүрх дүүргийн 5-н хорооны тусламж үйлчилгээг Цэргийн төв эмнэлэгт тус тус шилжүүллээ. Сонгинохайрхан дүүргийн 10-н хорооны насанд хүрэгчдийн тусламж үйлчилгээг Ачтан эмнэлэгт шилжүүлж, тус дүүргийн эрүүл мэндийн төв дээр 70 ортой хүүхдийн тасаг нээж байна. Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж байсан насанд хүрэгчдийн тусламж үйлчилгээг тус дүүргийн эрүүл мэндийн төвд шилжүүлж, 180 орыг дангаараа хүүхдийн тусламж үйлчилгээнд шилжүүллээ.
Томуу, томуу төст өвчний үед ажиллах шуурхай багийг томилон Эрүүл мэндийн яаманд ажиллуулж байна. Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулан 24 цагийн зөвлөгөө өгөх утсыг ажиллуулж байна.
ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ “Арваннэгдүгээр сараас томуу, томуу төст өвчин гарч эхлээд арванхоёрдугаар сард намжмал байдалтай байсан ч нэгдүгээр сарын 3-наас дэгдэлт хэлбэрээр гарч байна. Амбулаторийн үзлэг өмнөх гурван жилийнхээс бага боловч эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх магадлалтай хүүхдийн тоо өндөр байна.
Өнөөдрийн байдлаар томуугийн вирус лабораторийн шинжилгээний 40 хувийг эзэлж байна. Гол вирус нь томуугийн А хүрээний Н1N1 вирусээр илэрч байгаа. Уламжлалт цагаан сарын баяраар томуугийн дэгдэлт эрчимтэй тархах магадлалтай байгаа. Эмнэлгийн ачаалал өндөр тул орны зохицуулалт хийж байна. Хан-Уул дүүрэгт 40 ортой хүүхдийн тасаг нэмэх, Сонгонохайрхан, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг зөвхөн хүүхдийн чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлэх арга хэмжээг авч байна.
ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан хүүхдийн тусламжид шаардлагатай эм, судасны шахуургууд нийслэлийн эмнэлгүүдэд олгож байна. Гэхдээ байдал хүндрэх магадлалтай байна. Тиймээс эцэг эхчүүдийг эрүүл мэндийн салбартай хамтран ажиллаж, зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх, эмнэлгийн салбарын ажилчдын ажлыг ойлгож хүлээцтэй хандахыг уриалж байна.
Иргэн, аж ахуйн нэгжүүд эрүүл мэндийн байгууллагыг дэмжиж ажилчдынхаа эрүүл мэндийг бодох, 0-5 настай хүүхэдтэй ажилчдаа богино цагаар ажлуулан үр хүүхдээ асрахад нь дэмжлэг үзүүлэх, хүүхэд нь өвдсөн тохиолдолд цалинтай чөлөө олгох хэрэгтэй.