Вакцин тээвэрлэх зориулалтын хөлдөөгч 5 мянгаас 15 мянган долларын үнэтэй байна
“Pfizer”, “BioNTech” компаниуд вакцинаа эмнэлзүйд яаралтай горимоор нэвтрүүлэх хүсэлтээ АНУ-д өгөөд буй. Хэрэв АНУ-аас зөвшөөрөл олговол ирэх сарын 11-ний өдөр иргэдийг вакцинд хамруулах ажиллагааг эхлүүлнэ хэмээн тус улсын коронавирусийн эсрэг вакцины хөтөлбөрийн тэргүүн доктор Монсеф Слауи өнөөдөр мэдэгдсэн юм. Гэхдээ бусад улс руу хүргүүлэхэд тээвэрлэлтийн асуудал үүсэж болзошгүй байна. Тодруулбал, вакциныг тээвэрлэхэд хадгалалтын тусгай горимыг мөрдөх буюу цельсийн -70-75 хэмийн тусгай зориулалтын хөлдөөгчид хэлбэлзэлгүй, нэгэн жигд температурт хадгалах ёстой гэсэн шаардлага тавигдсан. Үүнийг дагаад эмнэлгийн тусгай зориулалтийн хөлдөөгч, хөргөгчний эрэлт үүсэж эхэлжээ.
Эмнэлгийн тусгай зориулалтын хөлдөөгчийг цөөн улс оронд бага тоогоор үйлдвэрлэдэг. Нэг хөлдөөгчид ойролцоогоор 5 мянгаас 6 мянган тун вакцин хадгалах зориулалттай бөгөөд үнэ өртөг нь багтаамжаас хамаарч доод тал нь 5 мянга, дээд тал нь 15 мянган ам долларын үнэтэй байдаг аж.
Хойд Америк, Европ, Австрали, Япон зэрэг өндөр хөгжилтэй улс орнуудад энэ төрлийн хөлдөөгчийг түгээмэл ашигладаг. Харин хөгжиж буй улс орнууд зөвхөн нэг удаагийн вакцинжуулалтад зориулж асар их хэмжээний хөрөнгөөр хөлдөөгч худалдан авч ашиглах боломжгүй, түүнийг дахин ашиглах шаардлага тун бага байх учир энэхүү вакцинжуулалтад хамрагдахад төвөгтэй байх талаар судлаачид хэлж байна.
Эх сурвалж: Reuters