Хөрсөн дээр буудаггүй бүсчилсэн хөгжлийн бодлого
Монгол орон өргөн уудам газар нутагтай, тэр хэрээрээ тархай бутархай байрладаг. Гэхдээ знэ нь зах зээлийн нийгэмд төдийлэн нийцэхгүй байна гэж судлаачид тэмдэглэв. Сүүлийн үед аймаг, хот бараадсан их нүүдлийн балгаар зарим сум бараг л эзгүйрч үлджээ. Үүний нэг жишээ нь, Өвөрхангай аймгийн Өлзийт сум. 1990-ээд оны үед хэдэн хороолол айл ярайж харагддаг байсан энэ сумын төв 2016 онд хэдхэн төрийн албан хаагчийн ар гэрийнхнээс өөр хүнгүй шахам болжээ. Төв замаас зайдуу, уулын мухарт байрладаг, хил залгаа сумдаасаа 30 километрийн зайтай болохоор Өлзийт хөгжих найдвар тун бага. Жилээс жилд өгөршиж байна. Өнгөрсөн дөрвөн жилд тус сумыг нүүлгэнэ, нүүлгэхгүй хэмээн маргаж байсан ч их хэмжээний зардал орно гэх шалтгаар эцэстээ мөнөөх уулын мухартаа үлдсэн юм. Ингэж сум нэртэй хэдэн байшин сахисан хүмүүс байхаар төсөвт зарлага ихтэй гэдгийг судлаачид хэлж байгаа. Тиймээс бүс нутгийг хөгжүүлэх үзэл баримтлалаа илүү боловсронгуй болгож, зарим сумыг хооронд нь нэгтгэж, орон нутаг түшиглэсэн үйлдвэрлэл хөгжүүлэх бодлого баривал төвлөрөл саарч, хөгжих боломж нээгдэнэ
Өөрөөр хэлбэл, хөгжлийн бодлого, засаг захиргааны нэгжийн хуваарилалтаа эргэж харах хэрэгтэй гэдгийг хүн ам зүй судлаач онцолсон юм. 330 суманд хуваагдах хэрэгтэй юу, үгүй юу гэдгийг эргэж нягтлах шаардлага тулгарч байна. Түүнчлэн манай улсад шилжилт хөдөлгөөнийг зохицуулдаг бодлого алга. Шилжиж буй хэсгийг орон нутагт нь үлдээх талаар юу ч хийхгүй байгаа нь төр засгийн бодлогын нэг дутагдал гэж хэлж болно.
Үндэсний статистикийн хороо аймгуудын хүн амын хэтийн өсөлтийг төрөлтөд суурилсан судалгаан дээр тулгуурлан явуулахад Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Өмнөговь, Баян-Өлгий зэргээс бусад аймагт хүн амын тоо тасралтгүй цөөрөх дүр зураг харагджээ. Одоогийн босоо удирдлагын тогтолцоо аймаг. сумыг хөгжүүлэх боломж олгодоггүйг Засаг дарга нар байнга шүүмжилдэг. Зөвхөн Засаг дарга нар шүүмжлээд байгаа юм биш. Судлаачид ч хэлж байна. Бүс болон орон нутгийн бодлогын хэвтээ уялдааг бэхжүүлж, институци хоорондын үйл ажиллагааг сайжруулах асуудал нэн тулгамдаж буйг МУИС-ийн багш Ч.Хашчулуун "Монгол Улсын 2016-2030 оны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-д онцолжээ. Мөн бүс нутгийн хоорондын уялдаа холбоог сайжруулахгүйгээр хөгжих гарц хязгаарлагдаж буйг ч тэрбээр тэмдэглэв.
Нөгөөтэйгүүр, тээврийн зардлаас үүдэлтэй үнийн өсөлтөд дарлуулж суугаа алслагдсан газар суурьшиж буй иргэдэд бүсийн нэмэгдэл олгох тухай хэсэг яриад намжсан. Энэ амлалт ердөө л хууран мэхлэлт болоод дууссаныг энд дурдах хэрэгтэй.
ЦААСАН ДЭЭР БИЧИГДСЭН МӨРӨӨДӨЛ
Уг нь манай улсад бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал гэж цаасан дээр буулгасан том баримт бичиг бий. Хот, хөдөөгийн ялгааг арилгах энэ бичиг баримт ердөө цаасан дээрээ илжирч дуусах нь. Ховд аймгийг баруун бүсийн хөгжлийн тулгуур төв болгож, Увс, Завхан зэрэг аймгийн засаг захиргааг нэг доор төвлөрүүлнэ. Зүүн бүсийн хөгжлийн тулгуур төв нь Дорнод аймаг болж, Халх голын чөлөөт бүсийг түшиглэн хөгжүүлнэ гэх зэргээр том ярьж, 15 жил мөрөөдөв. Гэвч энэ бүсчилсэн хөгжлийн бодлого өнөөдөр хөрсөн дээр бууж, хөгжин цэцэглэж буй нь огт харагдсангүй. Эсрэгээрээ бүсчилсэн хөгжлийн бодлого бүдгэрч мэдэхээр болчихлоо.
Угтаа ингэж хөгжиж чадвал бүс нутаг хөгжөөд зогсохгүй, улсын тогтвортой хөгжилд ч том ахиц гарах учиртай. Гэвч хийхээс илүү ярих нь ихэдсэн хийрхэгчдийн балгаас болоод хөгжлийн эрч саарч байна. Төлөвлөсөн ёсоороо орон нутгаа хөгжүүлчихвэл улс орны эдийн засаг ч аяндаа тэгширнэ. Хөгжлөө аймаг, сумд руу чиглүүлж чадахгүй байгаагаас эдийн засаг хүртэл хүндхэн болсон.
Улс орны эдийн засгийн хөгжлийг бататгах эх үндэс нь орон нутгийн хөгжил гэж доктор Г.Сувдаа нэгэнтээ онцолсон. Харин манай улс орон нутгаа хөгжүүлж, эдийн засгаа бататгах нь байтугай улам л доройтуулаад байна. Зарим нэг эдийн засагч Төсвийн шинэчилсэн хуулийн дагуу орон нутгийн хөгжлийн сан байгуулж, аймаг, сумын удирдлагад төсвийн эрх мэдлийг өгсөн болохоор хөгжих бололцоо бүрдсэн гэж хэлдэг.
Харин энэ нь тун өрөөсгөл болохыг Засаг дарга нар хэлж байгаа юм. Сум хөгжүүлэх сан байгуулж, улсаас татаас өгдөг боллоо ч хангалттай мөнгө төсөвлөдөггүй учир орон нутаг хөгжих боломжгүй гэсэн тайлбар өгч байв. Түүнчлэн нутгийн удирдлагууд, иргэдийн төлөөлөгчид орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг үр дүнтэй зарцуулах хэмжээнд хангалттай сайн бэлтгэгдээгүй гэж судлаачид үзжээ.
Өөр нэг дутагдал нь орон нутгийн хөгжлийн санг зөвхөн аймаг, сум, дүүргийн түвшинд байгуулсан нь зохимжгүй зүйл болсон гэж үзсэн байна. Бүс нутгийн хэмжээнд байгуулаагүйгээс болж, бүсчилсэн хөгжлийн хөшүүргийг улам сулруулсан гэж эдийн засагчид дүгнэв.
Тэгэхээр бусад улс орон шиг хөгжихийн тулд эхлээд сум, аймгаа бүсчлэлд оруулж, бүс нутгийн хөгжлийн сан байгуулж, төлөвлөсөн ёсоороо тулгуур төв болгох ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна.
ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ТААГҮЙ ҮНЭЛГЭЭ
Засаг захиргааны хуваарилалтаар нь авч үзвэл, Монгол Улс 21 аймаг, 330 сум, 1770 багт хуваагддаг. Нэг багт дунджаар 250 гэр бүл оршин суудаг аж. Хөдөөгийн сумдын 51 хувь нь 3000-аас бага хүн амтай. 30.1 хувь нь 3000-5000 хүн амтай бол 8.5 хувь нь 7000 хүртэл, үлдсэн 9.7 хувь нь 7000-аас дээш хүн амтай гэсэн судалгаа гаргажээ. Тиймээс хотын төвлөрлийг сааруулж, баг, сумын хүн амыг нэмэгдүүлэх бодлого барих нь чухал асуудал болоод байна. Өнөөдрийн байдлаар баруун болон төв, хангай, говь, зүүн бүс гэсэн таван бүсчлэл зөвхөн хуваарилалт төдий байгаа. 2015 оны аймаг, бүсийн өрсөлдөх чадварын судалгааны тайлангаас харахад үнэлгээ нь сайн биш. Арай дөнгүүр нь баруун бүс хамгийн өндөр оноо буюу долоон хувьтай гарсан байна. Иймд олон зүйлийг цогцоор нь шийдэх шаардлага тулгарч буй аж.
Аймгуудын өрсөлдөх чадварын үнэлгээгээр Орхон аймаг нэгдүгээрт бичигдэж, Дархан-Уул удаалж, Өмнөговь гуравт орсон нь хүн амын төвлөрөл, хотжилт, уул уурхай, хөгжил хэрхэн хөгжсөнөөс бүх зүйл харагдаж байгаа. Эдгээр аймаг эдийн засгийн үр ашиг. бизнес гэсэн шалгуураар эхний байруудад бичигдэв. Харин бусад аймгуудын өрсөлдөх чадвар дундаж түвшинд байна.
Монголоос бусад улс газар нутгаа бүхэлд нь ашиглах, бүс нутгийн хүн амын тэнцвэртэй байдлыг хадгалах бодлого барьдаг. Тухайлбал, Австрали улс хүн амьдарч болох хамгийн давуу талтай газартаа суурьладаг. Газар нутгийнхаа бусад хэсгээ аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлж, жуулчид хүлээж авдаг байна. Харин ОХУ дэд бүтцийн асуудлаа шийдчихээд дараа нь хотуудаа байгуулдаг. Гэтэл Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлогод л газар нутагтаа хүн амаа тэнцвэртэйгээр байршуулна гэж тусгажээ.
Үүнээс харахад ойрын хугацаанд бүсчилсэн хөгжил, төвлөрлийг сааруулах бодлого амлалтаас давж хэрэгжихээсээ өнгөрлөө. Энэхүү хөгжлийн бодлогын гажуудал нь Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй болжээ. Учир нь гурван сая иргэнтэй улсын хүн амын 60 хувь нь Улаанбаатарт оршин сууж буй тохиолдолд газар хөдлөлт боллоо гэхэд ихээхэн хохирол амсаж. үндэстэн мөхөх аюул тулгарч мэдэхээр байгааг геополитикч эрдэмтэн С.Галсанжамц сануулсан байна. Үүнийг ч гэсэн бодох л ёстой. Энэ бүхнээс харахад олон талаар бүс нутгийн хөгжил үгүйлэгдэж буй нь харагдаж байгаа юм.
Б.Гандолгор /ЗГМ/