Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.БАТБОЛД: Сум дундын эмнэлэгээ түшиж хөгжих боломжтой

"Өмнөговь - цаг үе” цуврал ярилцлага №02

Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.БАТБОЛД: Сум дундын эмнэлэгээ түшиж хөгжих боломжтой

 

-Аймгийн ИТХ-ын төлөөлөгч болоод сэтгүүлчийн дуранд өртөв үү?

-Сэтгүүлчид ярилцлага өгч амжаагүй л явна \инээв\. Аймгийн "Монгол говь” сониноор дамжуулан Ноён сумынхаа ард иргэдэд хандаж сэтгэлийнхээ үгийг илэрхийлэх боломж олгож байгаад баярлалаа. Өнгөрсөн зургаадугаар сарын 29-нд болсон сонгуулиар Монголчууд маань улс төрийн ууган хүчин МАН-д итгэл хүлээлгэж УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-д олонх болгон сонгосон. Төрөлх Ноён нутгийн маань зон олон надад итгэл хүлээлгэж аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр илгээлээ. Нийт сонгогчиддоо баярлаж талархсанаа илэрхийлье. Та бүхнийхээ итгэлийг дааж Ноёнчуудынхаа сайн сайхны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ ээ.

-Айл өрхүүдээрээ орж уулзаж явахад сумын ард иргэдийн аж амьдрал ямар байна вэ?

-Ард түмнийхээ дунд ажиллаж, амьдарч байгаа хүний хувьд улсын эдийн засгийн хямрал айл өрх гэрт нөлөөлж байгаа нь ажиглагдаж байна. Хүмүүс бэлэн мөнгөний хомсдолд орж, худалдан авалт буурч, өр зээл тавих нь элбэг болсон нь эдийн засгийн хямралтай холбоотой.Улс орны нийгэм, эдийн засгийн энэ давалгаанд сумын иргэд малчид яалт ч үгүй өртөж байна.Малын гаралтай түүхий эдийн үнэ ханш унасан. Харин энэ жил ноолуурын үнэ л тогтвортой байж малчид маань амьдралаа залгуулж байна.Хоёр жилийн өмнө 16 мянган төгрөгийн үнэ хүрч байсан хонины нэхий одоо 200-300 төгрөг болтлоо унасан. Эдгээр маш олон асуудлуудыг дээд байгууллага, удирлагуудтай хамтран зөв бодлогоор шийдэх, цэгцлэх, хийж хэрэгжүүлэх үүргийг иргэдээсээ хүлээж аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон хүний хувьд төрийн зөв бодлогын төлөө бүхнээ зориулан ажиллах болно. Энэ хямралаас гарах гарц гаргалгааг ард иргэд та бид хамтдаа хийж бүтээнэ ээ.

-Танай суманд уул уурхайн үйл ажиллагаа ямар байдалтай байгаа вэ?

-Ноён суманд "Терра энержи” ХХК-ийн нүүрсний уурхай 2013 оноос үйл ажиллагаа явуулж байгаад энэ оны хоёрдугаар сараас зогсонги байдалд орсон. Уул уурхайн компани ажиллаж байгаа нөхцөлд сумын зарим иргэд ажилтай, тогтмол орлоготой байх сайн талтай ч байгаль орчин, малчдын бэлчээр, худаг ус, нүүрсээ шороон замаар тээвэрлэснээс үүдсэн тоосжилт гээд уурхай дагасан өнөөх л яригддаг асуудлууд гардаг. Манай сумын хэмжээнд ашиглалтын 5-6 тусгай зөвшөөрөл бий. "Фи-Пади” ХХК хайгуулын тусгай зөвшөөрлөө ашиглалтын болгочихсоных нь дараа орон нутгийн тусгай хамгаалалтанд авснаас болоод хууль шүүхийн байгууллагад хандсан юм билээ. Дундговийн шүүхийн шийдвэр тус компанийн талд гарсан учир Өмнөговь аймгийн ИТХ-аас хоёр тэрбум төгрөгийн нөхөн төлбөр нэхсэн. Одоогоор манай суманд үйл ажиллагаа явуулж байгаа уурхай байхгүй.

-Сумын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хэр хангагдаж байгаа вэ?

-Албан газрууд халаалт дулааныхаа асуудалд анхаарлаа хандуулж байна. Сургуулийн дулааны шугам сүлжээний ажлын тендер зарлагдаад гүйцэтгэгч компани нь ажлаа эхэлсэн. Малчид өөрсдийн нөөц боломжоороо өвс хадлан бэлтгэж байна.

-Сумын хэмжээнд тулгамдаж байгаа асуудал гэвэл?

-Нийтийн эрх ашгийн асуудал л байна. Ардчилсан нам найман жил эрх барьж байгаа сум. Юу хэлэх гэж байна вэ гэхээр орон нутгийн хөгжлийн сан болон сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа сумын иргэдэд тэнцвэртэй, хүртээмжтэй биш байгаад иргэд сэтгэл дундуур байдаг. Тус сангуудаас зарлагдаж, хийгдэж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг олгохдоо танил тал, найз нөхөд, ах дүү төрөл садан харж байгаа нь харамсалтай. Хийж чадах хүндээ хүрч чадахгүйгээс иргэдийн сэтгэлд нийцэхгүй байгааг хүн бүр хэлдэг. Төсөл, хөтөлбөрүүд тэгш, тэнцвэртэй хүрч, сайн хэрэгжиж гэмээнэ сум болоод иргэд маань хөгжинө шүү дээ. Түүнээс гадна төрийн үйлчилгээ удаан, тэгш бус, хүнд сурталтай байгаад сумын иргэд итгэл алдарсан.

-Сум дундын эмнэлэгийн хүрэлцээ хэр байна?

-Манай сум 60 гаруй жилийн түүхтэй Сум дундын эмнэлэгтэй. Баруун гурван сум, Хилийн цэрэг, заставууд, хилийн боомт гээд 10 мянган хүн амд үйлчлэх ёстой үйлчилгээний байгууллага. Ноён сумын түшиглэж хөгжих бас нэг гол цөм нь Сум дундын эмнэлэг. Тоног төхөөрөмж, орчин нөхцлийг нь сайжруулаад, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролд анхаарч дорвитой шинэчлэлт хийх бодлого үгүйлэгдэж байгаа юм. 

-Гэрэл цахилгааны асуудал?

-Манайх урд хөршөөс гэрэл цахилгаан авдаг гурван сумын нэг.Дотоодын шугам сүлжээний эх үүсвэрт зайлшгүй холбох хэрэгтэй гэж боддог. Жишээ нь гаднаас авч байгаа гэрэл цахилгааны төлбөр дотоодын цахилгаан хэрэглэгчдээс илүү буюу нэг кв цахилгааны төлбөр айл өрх нь 122.30, аж ахуйн нэгж 156.30, төсөвт байгууллага 168.30 төгрөгийг төлдөг. Энэ үнийн дүнд НӨАТ ороогүй. Хятад улсаас хараат болохоор юанийн ханш өсөхөөр гэрэл цахилгааны төлбөр дагаад  өсдөг. Аймгийн төвд нэг кв цахилгааны төлбөрийг  айл өрхөд 98.40-118.20 төгрөгөөр \НӨАТ ороогүй\ тооцдог байна. Дотоодын эх үүсэврт холбогдох энэ асуудлыг шийдэх нэг гарц нь Хүрмэн сумаас Ноён сум руу гэрэл цахилгааны дотоодын эх үүсвэр татчих юм бол манай сумаас баруун хоёр сум авах боломжтой гэж хардаг.

-Танайд ашиглагдаж байсан нарны дэлгэц их цөөрсөн харагдана?

-Японы засгийн газрын буцалтгүй хөрөнгө оруулалтаар анх удаа Ноён суманд нарны эрчим хүчний эх үүсвэрийг тавьж байсан юм. Тухайн үедээ анхдагч, томоохон ажлын нэг байлаа. Өдрийн нарны гэрлээр сумынхаа төвийг гэрэл цахилгаанаар хангадаг их боломжийн ашигладаг байсан. Хятад улсаас буюу гадаад эх үүсвэрээс гэрэл цахилгаантай болсноос хойш ашиглаагүй, зарим нэгийг нь өөр аймаг руу өгсөн гэсэн. Учир нь Эрчим хүчний яамны бүртгэлтэй байдаг юм билээ. Нарны эрчим хүчийг нөөц цахилгааны эх үүсвэрээр ашиглах нь зүйтэй санагддаг.

Ярилцсанд баярлалаа. Таны орон нутгийнхаа сайн сайхны төлөөх их үйлсэд амжилт хүсье.

Ж.Сайнжаргал

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen