Лью Тинг Хуа тэргүүтэй хятадуудад 9-12 жилийн ял оноов
Нийслэлийн Прокурорын газраас цахим мэдээлэлд хууль бусаар халдах, мөнгө угаах, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд бусдыг элсүүлэх, залилах гэмт хэрэгт тус тус холбогдуулан БНХАУ-ын иргэн Лью Тинг Хуа, Жун Хуа, Еэ Тин нарт, мөн мөнгө угаах, зохион байгуулалттай гэмт бүлэгт элсэх, залилах гэмт хэрэгт холбогдуулан БНХАУ-ын иргэн Жан Хун Чан, Вула, Ли Жиa Сэнг, Ниу Жи Хэнг, Ю Жи, Жау Донг Линг, Пан Жин, Лю Жун Вэй, Ян Гуй, Бай Жун Лиан, Ли Янг, Лю Чианг нарын 15 хүнд тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны долдугаар сарын 16-ны өдөр хүлээн авсан байдаг.
Эдгээр хүмүүст холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан аравдугаар сарын 12-ны өдрөөс хойш есөн өдөр үргэлжилж энэ сарын 21-ний өдөр дараах шийдвэрийг гаргалаа. Тодруулбал:
-Лью Тинг Хуагийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхэд мөрдөн байцаалт явуулахаар түүнд холбогдох эрүүгийн хэргийг тусгаарлан прокурорт буцааж, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
-Жун Хуа, Еэ Тин нарыг цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн, мөн мөнгө угаах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн, мөн зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, мөн залилах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч тус бүрт оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 12 жилийн хугацаагаар оноожээ.
-Бусад 12 хүнийг мөнгө угаах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн, мөн зохион байгуулалттай гэмт бүлэгт элссэн, мөн залилах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тус тус тооцож шүүгдэгч тус бүрт оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 9 жилийн хугацаагаар тус тус тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Мөн Жун Хуа, Еэ Тин нараас гэм хорын хохиролд тус бүр 889.213.334 төгрөгийг гаргуулан хохирогч Тайланд улсын “Стар Петролиум Рапайнинг Паблик Компани Лимитэд”-д олгох,
Иргэний нэхэмжлэгч “Скайтел”, “Скай Медиа”, “Жи Мобайл” компаниудын нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж;
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох 110 нэр төрлийн эд зүйл, бэлэн мөнгө болон гадаад улсын валют, 9 ширхэг тээврийн хэрэгслээс шүүгдэгч нарын бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд гаргуулж, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.