Х.Бат-Ялалтад 15.3 сая төгрөгийн торгох ял оноожээ
Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэгт холбогдуулан Х Бат-Ялалтад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны долдугаар сарын 24-ний өдөр шүүх хуралдаан шийдвэрээ гаргалаа.
Анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэн Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн хоёр дахь хэсэг, 1.9 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 15 сая 360 мянган төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэснийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.