Дорно дахины арван ухаанд нэвтэрсэн домогт эрдэмтэн Т.Данзан-Одсэр

Дорно дахины арван ухаанд нэвтэрсэн домогт эрдэмтэн Т.Данзан-Одсэр

 

Дорно дахины арван ухаанд нэвтэрсэн домогт эрдэмтэн Равжамба Тувааны Данзан-Одсэрийн мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулж өчигдөр Гандантэгчинлэн хийдийн Батцагаан дуганд эрдэм шинжилгээний хурал боллоо. Есдүгээр сарын 10-ны өдөр бол хэлмэгдэгсдийг дурсах өдөр. Хэлмэгдлийн хар шуурганд өртсөн мянган мянган лам нарын нэг болсон түүний түүхэн ойд хүндэтгэн дурсаж номын олон шавь, лам нар, ар гэрийнхэн нь ирсэн байлаа. Тэрбээр Д.Чойжамц хамба, Хэл бичгийн ухааны доктор профессор С.Дулам, Түвдэч Л.Хүрэлбаатар доктор, Хэл зохиолонгийн хүрээлэнгийн эрдэмтэн Д.Ёндон зэрэг олон эрдэмтдийг төрүүлсэн бөгөөд оюуны шавхагдашгүй далайгаас нь ундаалсан шавь нар нь багшийнхаа айлдсан сургаал, номлосон ухааныг дурсан ярьж байлаа. Их эрдэмтэн Ц.Дамдинсүрэн “Т.Данзан-Одсэр гавжийн тухай Монголын эрдэмтэн төдийгүй гадаадын эрдэмтэн дурсахад дэлхий хотосхийх байх” гэж нэгэнтээ үнэлж байсныг мөн тэд дурсаж байлаа. Дэлхийг хотолзуулсан дээд номын их хүмүүн нь бага, их таван ухаан, учир шалтгааны ухаан, судар тарнийн гүн ухаанд гүнзгий нэвтэрсэн, ариун, сайны эрдэмтэй, ид шид нь бүрдсэн мэргэн лам байжээ.

НОМОО БЯСАЛГААД, ТАРНИА УНШААД СУУХАД СЭТГЭЛИИЙН АГААРТ ОРОН, ШОРОНГИЙН ЯЛГАА ЮУ БАЙХ ВЭ
Т.Данзан-Осор нь 1900-1978 оны хооронд амьдрах хугацаандаа буддын гүн ухаан, дорно дахины арван ухаанд нэвтэрсэн эрдэм номд замнасан ээдрээт амьдралын нугачаа ихтэй их хүмүүн байв. Хуучнаар Сэцэн хан аймгийн Боржигин Сэцэн вангийн хошууны харъяат бөгөөд эцэг эх нь зэргэлдээ Түшээт хан аймгийн Дайчин бээсийн хошууны нутагт өртөөний алба залгуулж байх үе, үхэр жил, одоогийн Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутагт "Энгэр дулаан хамар" хэмээх газар мэндэлжээ. Долоон насандаа хошууны шашин номын төв болж байсан Баруун Чойрын хийдэд лам болж шавилан сууж, 1935 онд Баруун Чойрт равжамбын дамжаа барьжээ. Баруун Чойрт байхдаа цанид чойрын гүн ухаанаас гадна, нэрт орчуулга, Ланз, Соёмбо, Түвд шар бичиг, монгол бичигт сайтар суралцаж, Баруун Чойрын залуу лам нарт равжамба Дамбийнямын зохиосон "Монгол үсгийг сурах" төвд монголоор харьцуулж бичсэн номыг зааж байжээ. Нутаг орондоо төдийгүй халх дөрвөн аймаг, шавь таван хошуундаа нэрээ дуурсгасан мэргэн ламыг хэлмэгдлийн хар шуурга тойроогүй юм. Тэрхүү сүүдэр дагуулсан он жилүүдийг нь түүний шавь Д.Чойжамц хамба “Би багшдаа 1969 онд шавь орсон. Багш минь хэлмэгдэн баригдаж 1938-1946 оны хооронд есөн жил зургаан сар хоригдож, хүнд хэцүү ажил хөдөлмөр хийж байжээ. Үхлийн ирмэг дээр олонтаа очиж, Дотоод яамны тулгалт байцаалт, эрүү шүүлтүүдийг давж явахдаа үхэл гэдэг хормын зүйл, түүний дараа юу ч мэдрэхгүй учраас биеэрээ зовж байгаа дээрээ нэмж сэтгэлээрээ зовж өөрийгөө тарчлаахгүйн тухайтад тайван амгалан, оюун санаа хурц байсан гэдэг. Шөнө дунд лам нарыг хэд хэдээр нь авч явж, хүрз жоотуу машинд ачаад явдаг байсан. Ачигдаж явсан лам нарын хэн нь ч эргэж ирээгүй гэдгийг багш минь ярьж байсан даа. Багш минь шоронд байхдаа та их зүдэрч байв уу гэж хүмүүс асуухад “Хорвоогийн зүдэргээтэй харьцуулвал юу нь хэцүү байх билээ. Номоо бясалгаад, тарниа уншаад суухад сэтгэлиийн агаарт орон, шоронгийн ялгаа юу байх вэ” гэж айлдаж байсан” гэж хоолой зангируулан дурсаж байлаа. Аймшигт хар дарсан өдрүүд 10 шахам жил үргэлжилж амьдралд хөл тавьсан түүнийг ажил төрөл ч олдохгүй амьдрахын аргагүй бэрх он жилүүд угтав. Т.Данзан-Одсэр улмаар Гандангийн мод татдаг ажилчдын харуулаар ажиллаж Туул голын хөвөө сахидаг болжээ. Үүнийг дуулсан шавь Моломжамц нь гэртээ авчран хооллож ундалж, Улсын архивт ажилд оруулах гэсэн боловч шавьдаа төвөг удахгүйн учир Гандан хийддээ лам суун үлджээ.

Б.РЕНЧИН, Ц.ДАМДИНСҮРЭН, Ш,ЛУВСАНВАНДАН ЗЭРЭГ ЭРДЭМТЭД ТҮҮНИЙ ЗАЛГАМЖ ХАЛАА БОЛСОН НЬ
Т.Данзан-Одсэр багшийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд өдгөө цагийн бичиг, соёл, гүн ухаан, буддын мэргэд чуулсан байлаа. Мэргэн гавж Т.Данзан-Одсэр ертөнцийн үүсэл, мөхлийн тухай сургаал, таван цөвийн сургаалдаа эцсийн өнө уртдаа тулахаар хүн, амьтны нас хорогдсоор, үзэл нь муудаж, үзлээ дагаад сэтгэл нь муудаж, сэтгэлээ дагаад амьтан нь муудаж, амьтнаа дагаад орчин нь муудаж, түүнийгээ дагаж цаг нь муудаж, хорь хүрэлгүй ам цөмрөх /шүд нь унаж/ цаг ирнэ. Таван цөвд насны цөв, нисванисын цөв, амьтны цөв, цагийн цөв, үзлийн цөв байдаг бөгөөд энэ цагт амьтны тэмцэл мөргөлдөөн хийгээд дайн самуун болж цөв булингар нь ихдэх учраас таван цөвүүн цаг болно гэжээ. Өнөөдрөөс 40 насандаа ам цөмөрдөг болсон нь цөвүүн цаг 10, 10 жилээр ойртож буйг илтгэх шиг санагдав. Христийн шашинд энэ дэлхий ертөнцийг бүтээж байдаг эзэн байдаг гэж номлодог боловч гавжийн сургаалиар ертөнцийн үүсэл, мөхлийг физик үзэгдэлтэй, шинжлэх ухааны үндэслэлтэй, зурхайн ухаанаар тайлж сургасан байдаг. Хэл бичгийн ухааны доктор, профессор С.Дулам “1976 онд МУИС-ийн багш болж ирэхэд дорно дахины уран зохиолын хичээл заах болсон. Үүний тулд Энэтхэг, Түвдийн уран зохиолыг үзэх шаардлага гарсан. Тухайн үед Дотоод яамны хяналт шалгалт хатуу учир, хэрэв намайг лам нартай “сүжрээд” байгааг асуувал дорно дахины уран зохиолыг судалж байгаа юм гэж хариулах үгтэй сууж байлаа. Т.Данзан-Одсэр багшдаа 1977 оноос хадаг барьж таван жилийн турш долоо хоногийн хоёр өдөр багшийнхаа өргөөнд эрдэм заалгасан даа” хэмээн дурсан ярив. Т.Данзан-Одсэр таван их ухаан буюу дуун ухаан, учир шалтгааны ухаан, урлахуйн ухаан тэжээхүйн ухаан, дотоод ухаан, таван бага ухаан буюу зохист аялгуу, илт өгүүлэх нэр, эвсүүлэн найруулахуй, одон зурхай дуурайн бүжигийг нэвт судалсан эрдэмтэн. Тэрбээр сэтгэлийг гол сэтгэл, нөхөр сэтгэл гэж ангилаад гол сэтгэл нь модны иштэй адилхан, нөхөр сэтгэл нь мөчиртэй адилхан гэжээ. Гол сэтгэл буяны сэтгэл байвал түүнээс цацарсан нахиа мөчир нь мөн тийм байна гэж шавь нартаа сургадаг байв. Гавж багштан дорно дахины их, бага арван ухааны аль ч сэдвээр маш нарийн логик дараалалтай, бүрэн төгс тогтолцоотой айлдан таниулдаг байсан учраас Академич Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн, Ш,Лувсанвандан, Ш.Бира нарын эрдэмтэн түүний залгамж халаа болж Академич Д.Цэрэнсодном, профессор Чой.Лувсанжав, Л.Хүрэлбаатар, Д.Ёндон, нарын эрдэмтэд номын дууг нь сонсож, сургаал юуг нь сонсох гэж өргөөнд нь хуран чуулдаг байсныг үзэхэд ямархан цараатай мэргэн байсныг илтгэнэ. Түүний эрдмийг монгол хэлээр буулган бурханы шашны суурь суртлыг анхан шатнаас нь эхлэн таниулах арга зүйн чиг баримжаа болгох нь зүйтэй гэдгийг Хэл бичгийн ухааны доктор, профессор С.Дулам онцолллоо.

ШАШНЫ ДЭЭД СУРГУУЛИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ
Монгол Улсын гавьяат багш, философийн шинжлэх ухааны доктор профессор Д.Дашпүрэв “Т.Данзан-Одсэр нь XX зууны хоёрдугаар хагас дахь Монголын буддизмын сонгодог гүн ухаантан мөн” гэсэн илтгэлдээ Монголын философийн сэтгэлгээний түүхийг сайтар судалъя гэвэл буддист философийн тухай Гандан хийдийн эрдэмтэй лам нар гол уул уурхай нь байсан гэдгийг нь онцоллоо. Т.Данзан-Одсэр нь Түвд, Монголын буддист сонгодог уламужлалыг тууштай баримталдаг гүн ухаантан байсны хувьд тал бүрийн судалгаа шинжилгээний бүтээл гаргах өргөн мэдлэгтэй байсан хэдий ч оюун санааны эрх чөлөө нь хаагдмал байсан цаг тул олон шавь нартаа зааж сургаж үлдээсэн юм. Мэргэн гавжийн шавь нараас буддын философи, гүн ухааны талаар гаргасан номууд англи, орос, япон зэрэг олон хэлээр хэвлэгдэн гарч байжээ. “Монголын философийн товч түүх” номд түүний Монголын буддист философийн сэтгэлгээний урсгалын хэв маяг, сургаал номлолыг нэвт тусгасан нь өдгөө цагаан дээр хараар үлджээ. Шинжлэх ухааны академийн Түвд судлалын салбарын эрхлэгч доктор, профессор Д.Сумъяа илтгэлдээ буддын гүн ухаан өөрөө бүхэлдээ шинжлэх ухааны мөн чанар дээр оршдог гэдгийг онцлоод монголчуудын бүтээсэн түвд хэл соёл нь хүн төрөлхтөний мэдлэгийн өв сан, хэл утга зохиол, шашин соёл, анагаах, гүн ухаан, аман зохиол зэрэг олон салбарыг хамарсан хувь нэмрийг оруулсныг дурдлаа. Оросын нэрт судлаач Б.Я.Владимирцов Монголын судлалыг Түвдийн судлалаас салгасан нь их хохирол болсон гэсэн бол Оросын эрдэмтэн Лев Гумилов дундад зууны Монгол, Түвд хоёр нь хэл, утга соёлоо харилцан бие биеэсээ суралцаж ирсэн гэжээ. Иймд 1921 онд Орчин цагийн шинжлэх ухааны байгууллага Судар бичгийн хүрээлэн үүсгэн байгуулагдахдаа Дуун ухааны түүх, Түвд судлалыг хөгжүүлэх эхлэл болсон. Энэ улмаар өргөжин 1981 онд Академич Ц.Дамдинсүрэнгийн санаачилгаар Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнд Түвд судлалын тасгийг байгуулжээ. Т.Данзан-Одсэр Гандан хийдэд хурж байхдаа, Эрдэнэпил хамбын үед байгуулагдсан "Соёлын анги" нэртэй эрдэм шинжилгээ, судалгааны хэсгийг ахалж, Гандангийн зарим уншлагын номуудыг шинэчлэн орчуулсан болон бусад эрдэм шинжилгээ судалгааг эрхэлж байв. 1960 онд "Номын гэр"-ийн эрхлэгчээр ажиллаж, ШУА, МУИС-ийн эрдэмтэн багш, академич Б. Ренчин, академич Ц. Дамдинсүрэн, академич Ш. Лувсанвандан, доктор Х. Пэрлээ, доктор Ч. Жүгдэр нартай эрдэм номын харилцаатай байжээ. Тэрбээр Түвд-Монгол хэлний толь бичиг Сумадирадна хэмээх да-ег, Уданабарга-Дарамбада хэмээх шастир, "Энх тайвны цагаан лянхуа" зэрэг зохиолуудыг хэвлүүлэхэд оролцсон байна. 1970 онд Ганданд Шашны Дээд Сургуулийг үүсгэн байгуулалцаж, тэрбээр анхны багш нарын нэг болж томилогдож, цанид чойрын гүн ухаан, Түвд хэл, нэр орчуулга, аг тарнийн үндсүүдийг олон шавь нарт хөтлөн зааж байжээ. Гавж ламтан, түвд хэлээр нэг боть шахам зохиол бичсэний дотор, Баруун Чойрын хувилгаан Агваанданзаннямын намтар, шинээр бүтээсэн Майдар бурханы гарчиг, судар тарнийн зарим номуудыг бичжээ. Олон улсын монголч эрдэмтдийн анхдугаар их хурал 1959 онд Улаанбаатар хотноо болоход гавж лам Т.ДанзанОдсэр оролцож үг хэлэхэд, гадаадын олон монголч эрдэмтэд сайшаан сонирхжээ. Улмаар Оросын монголч эрдэмтэн Рерих, Энэтхэгийн доктор Рагу Вира нар Б.Ренчин докторын хамтаар Гандангийн номын санд дахин дахин ирж, гавж лам Данзан-Одсэр болон гэвш Иштавхай нараар Санскрит, Ланз, Соёмбо үсгийн ном зохиолын талаар яриулж байжээ. Энэ түүхийг эргэн сөхөхөд Их эрдэмтэн Ц.Дамдинсүрэн “Т.Данзан-Одсэр гавжийн тухай Монголын эрдэмтэн төдийгүй гадаадын эрдэмтэн дурсахад дэлхий хотосхийх байх” гэдэг үг эрхгүй санагдуулж байлаа.


https://zindaa.mn/3dkd

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen