Маршрутын бус, олон салаа зам гаргаж нүүрс тээвэрлэдэг байжээ

Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу тус сумын нутгаар нүүрс тээвэрлэж буй аж ахуй нэгж, иргэдийн үйл ажиллагаанд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас наймдугаар сарын 24-28-ны хооронд шалгалт хийсэн юм. Шалгалтаар “Мөнх наран ази инженер” ХХК, “Хөгжлийн мөр” ХХК, “Trans Asian road” ХХК, “Ачит тус” ХХК, “Мөнгөн хүлэг” ХХК-ийн нийт 45 тээврийн хэрэгслийг шалгаж уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх маршрут, замналыг зөвшөөрөлгүйгээр шинээр тогтоож, чиглэлийг өөрчилсөн, олон салаа зам гаргаж хөрсийг элэгдэл эвдрэлд оруулж газрыг доройтуулсан зөрчилд торгууль ногдуулан, нүүрс тээврийг Мандалговь-Улаанбаатар чиглэлийн улсын чанартай замаар тээвэрлүүлэн зөрчлийг газар дээр нь арилгуулжээ.

Мөн Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Нөхөн сэргээлт-2020” арга хэмжээний хүрээнд аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газартай хамтран Өлзийт сумын нутагт олборлолт, нөхөн сэргээлт хийж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг шалгасан байна. Өлзийт сумын 4-р багийн нутагт ашигт малтмалын ашиглалтын MV-020942, MV-020943 дугаартай тусгай зөвшөөрөлтэй “Хэрлэн-Энерго” ХХК-ийн жонш олборлолт, 4-р багийн нутаг Цагаан дэрс гэх газарт “Гранд стоун солюшн” ХХК-ийн хийж буй техникийн нөхөн сэргээлт, ашигт малтмалын MV-019018 дугаарт тусгай зөвшөөрөлтэй “Межик бридж” ХХК-ийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг шалгаж нөхөн сэргээлтийг хийж дуусгах хугацаатай үүрэг чиглэл өгчээ.
Цаашид “Нөхөн сэргээлт-2020” арга хэмжээг эрчимжүүлэх, тус сумын Цагаан чулуут, Дэл, Хөнжлийн ууланд хууль бус ашигт малтмал олборлолтын улмаас эвдэгдсэн газрыг нөхөн сэргээх тухай сумын удирдлагуудад чиглэл өгсөн байна.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen