ЖДҮХС-аас тэрбум гаруй төгрөгийн зээл авсан Д.Дамба-Очирын гэм бурууг шүүнэ
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт Д.Дамба-Очир /Улсын Их Хурлын гишүүн асан/-т холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 9 хавтас бүхий эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан.
2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 09 цагт зарлагдсан гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Дамба-Очир, түүний өмгөөлөгч нар ирээгүй тул шүүх хуралдааныг 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулаад байсан юм. Товын дагуу өнөөдөр шүүх хуралдаан болно.
Өмнөх шүүх хуралдаанаар Д.Дамба-Очирт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулсан үндэслэлээр түүнийг албадан ирүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан билээ.