ЭЕШ-ын бүртгэл орон даяар эхэллээ
Өнөөдөр 09.00 цагт Монгол хэл бичгийн болон ЭЕШ-ын шалгуулагчын бүртгэл орон даяар эхэллээ. Энэхүү бүртгэл дөрөвдүгээр сарын 14-ны 18.00 цагт дуусах бөгөөд хугацаа, цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй тухай Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.
ЭЕШ-ын хураамж шалгалт бүрд 5800 төгрөг бол батламж хуудас 700 төгрөгийн үнэтэй байх аж. Шалгуулагч шалгалт өгөхөөр сонгосон хичээлээ нэмэх бол онлайн бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд хандана.
2017 оны элсэлтийн ерөнхий шалгалтын журмыг танилцуулж байна.
- ЭЕШ-ыг 2017 онд бүрэн дунд боловсрол эзэмшсэн иргэн /цаашид энэ онд төгссөн шалгуулагч гэх/, 2017 оноос өмнө бүрэн дунд боловсрол эзэмшсэн болон түүнээс дээш боловсролтой иргэн /цаашид өмнөх онд төгссөн шалгуулагч гэх/ өгнө.
- Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол хэл бичгийн шалгалт /цаашид МХБШ гэх/- ыг заавал өгнө.
- Шалгуулагч нь ЭЕШ-д монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлээс сонгон шалгуулна.
- ЭЕШ-ын сэдэв даалгавруудыг энэхүү журмын 1.5-д заасан хичээлүүдийн хөтөлбөрийн агуулгын хүрээнд тохирсон, шалгуулагчийн мэдлэг, танин мэдэхүйн түвшин, сурах ерөнхий чадварыг шалгахаар боловсруулан бэлтгэсэн тестийн хэлбэртэй байна.
- ЭЕШ-ын монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад шалгуулагчдын сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврууд орно.
- МХБШ нь монгол хэл болон монгол бичгийн хэрэглээний чадвар сорьсон тест болон задгай хэлбэрийн даалгавраас бүрдэнэ.
- ЭЕШ-тай хамтатган дараа жилийн зарим хичээлийн сэдэв, даалгаврын тавил, агуулгын тохирцыг тандах зорилгоор шалгуулагчийн дүн оноо, шалгалтын үндсэн цагт нөлөөлөхгүй байдлаар туршин шинжилж болно.
- МХБШ болон ЭЕШ нь сонгон авсан их, дээд сургууль болон ЕБС-ийн хичээлийн анги танхим, cургалтын байр /цаашид шалгалтын байр гэх/-нд явагдана. Мөн шалгалт авах явцын бодит чанар, ил тод байдлыг хангах зорилгоор шалгалтын байранд хяналтын дуран, шалгалтын зорилгыг хангах зорилгоор сонсгох төхөөрөмж суурилуулна.
- Аймаг, нийслэл (сум, дүүрэг)-ийн шалгалтын байранд Боловсролын үнэлгээний төв /цаашид БҮТ гэх/-өөс томилсон шалгалт зохион байгуулах комисс ажиллах ба комисс батлагдсан удирдамжийн дагуу үйл ажиллагаа явуулна.
- Шалгалтын талаарх шаардлагатай мэдээллийг тухай бүрд нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон БҮТ-ийн зөвлөгөө мэдээллийн ажилтнууд, "Элсэгчийн сонин”, www.eec.mn вебсайт, https://www.facebook.com/eec.mn/ page хуудсаар олон нийтэд хүргэнэ.
- ЭЕШ-ын хичээл бүрийн шалгалтын сэдэв, даалгаврыг БҮТ-ийн даалгаврын санг ашиглан блупринтийн аргачлалаар жил бүр шинээр боловсруулан бэлтгэнэ.
- ЭЕШ болон МХБШ-ын сэдэв даалгавар бэлтгэх, хувилах, хүргүүлэх, шалгалтын материалыг төвлөрүүлэн татах, засах, үнэлэхтэй холбоотой нууцлалыг БҮТ хариуцна.
ЭЕШ-ын бүртгэл:
- Шалгуулагчдыг интернэт /цаашид онлайн гэх/-ээр болон БҮТ-өөс тусгайлан эрх олгосон бүртгэгчид бүртгэнэ
- Онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар явагдана.
- Хувийн мэдээлэлтэй холбоотой гарсан алдааг энэ онд ЕБС-д суралцаж байгаа бүртгүүлэгч сурч буй сургуулийн сургалтын алба /сургалтын менежер/-аар дамжуулан БСШУСЯ-ны боловсролын салбарын мэдээллийн нэгдсэн системд баталгаажилт хийлгүүлэн засварлуулж, өмнөх онуудад төгссөн бүртгүүлэгч БҮТ-д хандан шийдвэрлүүлнэ.
Бүртгүүлэгчид нь дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна. Үүнд:
- Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /ТҮЦ машинаас авсан лавлагаа, төрсний гэрчилгээ, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх/
- Өнгөт чээж зураг /чээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авахуулсан, урагшаа харан цэх суусан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
- Энэ журмын 2.10-д заасан банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт болон 2.11-д заасан төлбөрийн хэрэгсэл
- Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг /энэхүү заалт нь зөвхөн өмнөх онд төгссөн шалгуулагчид хамаарна
- И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаас бүртгүүлнэ/
- Өмнөх онд төгссөн шалгуулагчид шалгалт өгөх аймаг /хот/-аа сонгож бүртгүүлнэ.
- Гадаад улс оронд бүрэн дунд боловсрол буюу түүнээс дээш боловсрол эзэмшсэн иргэн шалгалтад бүртгүүлэхдээ энэ журмын 2.3.4 дэх заалтад заасан боловсролын бичиг баримтыг БСШУСЯ-аар баталгаажуулж, БҮТ-д ирж бүртгүүлнэ.
- Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуулийн суралцагчид шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.
- Шалгуулагч нь бүртгүүлсэн үүрэн телефоны дугаараа ашиглан 133233 тусгай дугаараас өөрийн мэдээллийг SMS үйлчилгээгээр авах боломжтой. /нууц дугаар, бүртгэлийн дугаар, шалгалтын хуваарь, суудлын хуваарь, дүнгийн мэдээлэл/
- Шалгуулагч бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn вебсайтын "шалгуулагчийн булан”-аар дамжин шалгалт өгөх хичээлээ нэмж болно.
- ЭЕШ-ын бүртгэлийн хураамж шалгалт бүрд 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг (цаашид хамтад нь шалгалтын хураамж гэх) байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна.
- Онлайнаар бүртгүүлж буй шалгуулагч шалгалтын хураамжийг Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк, Төрийн банк, Улаанбаатар банк, Хас банкны интернэт гүйлгээний эрхтэй төлбөрийн картаар шилжүүлнэ. Хаан банкны дараах төлбөрийн хэлбэрийг ашиглан гүйлгээ хийж болно. Үүнд: мобайл банк, интернэт банк ашиглах шилжүүлэх, бэлнээр дансанд тушаах
- Рaycode-ийн систем ашиглан бүртгүүлж буй хөдөө орон нутгийн шалгуулагч шалгалтын хураамжийг Голомт банк дахь Боловсролын Үнэлгээний Төвийн 1105038452 тоот дансанд тушаан аймгийн Боловсролын газрын ЭЕШ хариуцсан ажилтанд хандана.(paycode-дотоод төлбөрийн систем)
- ЭЕШ-ын бүртгэлийн хугацаанд бүртгэлээ цуцлах тохиолдолд шалгалтын хураамжийн 70%-ийг эргүүлэн олгоно. Бүртгэл дууссаны дараа ямар нэгэн шалтгаанаар шалгалтанд ороогүй тохиолдолд шалгалтын хураамжийг эргүүлэн олгохгүй, бусдад шилжүүлэн тооцохгүй.
- Шалгуулагч бүртгүүлэх явцад төлбөрийн гүйлгээг давхардуулж хийсэн тохиолдолд 2017 оны 04 сарын 25-аас өмнө БҮТ-д хандаж төлбөрийн буцаалт хийлгэх тухай хүсэлт гаргаж болно. Төлбөрийн буцаалт хийхэд үүсэх банк хоорондын гүйлгээний шимтгэлийн хураамжийг шалгуулагч хариуцна.
- Энэ онд ЕБС төгсч буй бүртгүүлэгч бүртгэлийн хуудсаа сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагч өөрийн биеэр Улаанбаатар хотын болон хөдөө орон нутгийн ЭЕШ-ыг хариуцсан ажилтнаар гарын үсэг зуруулан баталгаажуулж авна.