Сайхан өвгөнд муухай дийлдсэн дээ...

Сайхан өвгөнд муухай дийлдсэн дээ...

 

Нэг "муу өвгөнд" ёсөн удаа дийлдэж, мадлуулсан минь нэг л хоржоонтой санагдаад байн байн сэтгэл холгоод амраадаггүй ээ. Би мадлуулснаа болоод сайхан өвгөнийг "муу өвгөн" гэж гоочилж байгаагаа ч хэлье. Уг нь би өөрөө аар саархан юмаар сайрхах хөөрцөглөх дуртайдаа тэгж есөн удаа цэвэр "тавиулсан” хэрэг. Үүнд би өөрөө үг яриа өдөж үүсгэсэндээ "буруудаж” ичих хэцүү, инээх бүр хэцүү болж, өөрийгөө чамлахдаа тулсан билээ.

Анхлан би нутгийнхаа хоёр сайд дарга нарыг хөөргөж, нугаг усаа "томруулах” гэж хальтирснаас болж тэгж дийлдсэн (ялагдсан гэсэн үг) хэрэг л дээ.

 

"Муу өвгөн” чинь

-Танай нутгийнхан ч малч хичээнгүй сайхан ард түмэн болохыг би гадарлана. Маргах юм байхгүй гэж намайг бяцхан доргиосноо, чамаас юм асууя гэлээ. Би тоомжиргүйхэн тэг ээ тэг л гэлээ.

-Танай сум Монгол Улсын баатар цолтонтой бил үү? гэж байна.

-Тийм хүн төрөөгүй гэх үү дээ гэвэл,

-Манайд Монгол Улсын баатар Түүвээн Дүүдэй гэж цолтон байгаа. 1985 онд Улсын баатар цол нөхөж олгосон юм. Хөшөөг нь 2005 онд сумын төвд байгуулсан. Танайх чинь Хөдөлмөрийн баатаргай бил үү, юу билээ?

-Одоохондоо тодроогүй байх шив дээ. Харин манай сум чинь Гавьяат малчин Гээпэл гэж хүүхэн байлаа гэтэл, миний үгийг тасалж,

 

-Өө тэр. яахав. Манайд Тайсай, Нямаа гэзд бий л дээ. Манай багийн Бажийн Цэвээн 1991 онд хөдөлмөрийн баатар цол авсан. Нас нь 70 нэлээд гарсан даа. Үр хүүхдээ малын дөртэй болгож, жаргаж суугаа хүн дээ. Ингэхэд танайх төрийн шагналт, академич, эрдэмтэн доктортой юу? гээд тавлах янзтай мушийж байна шүү "муу” өвгөн чинь.

-Эрдэмтэд бол байгаа л даа. Академич нь байхгүй юм шив дээ.

-Манай академич Мятавын Төмөржавыг мэднэ биз дээ?

-Мэднэ мэднэ. Том эрдэмтэн байлаа, хөөрхий. 2015 онд тэнгэрт дэвшсэн байх аа. Танай сумын сургууль 2010 онд энэ хүний нэрэмжит болсныг ч дуулсан шүү гэж би хэгжүүхэн мэдэмхийрэв.

-Өөр хүнийг асууя. Танайд төрийн шагналт, зохион бүтээгч алдарт хүн байх уу? Юм дуулддагтүйм билээ? гэж сонждог байгаа.

 

-Та Бүргэдийн Сүрэнхорыг хэлэх гээд байна уу?

-Тэгэлгүй яахав. Энд тэндээс төмөр цуглуулсаар байж 1960-аад оны эхээр ачааны машин босгож нэгдэлдээ 4000 төгрөгөөр өгсөн шүү дээ. Чацаргана боловсруулах бүтэн үйлдвэр босгосон... Ю.Цэдэнбал яаж үнэлснийг дуулсан биз дээ.

 

1966 онд...

Би жаахан мухардаж мэднэ, мэднэ гэж сайрхах дүр эсгэв.

-Манайх чинь жимс, чацарганы шинэ сорт гаргасан Лааган гэж төрийн шагналт эрдэмтэнтэй сум шүү гээд "муу” өвгөн чинь над руу донжтой гэгч нь хараад мушийж байна. Би дэмийхэн янзаар "бас л түүх намтартай хүн гэсэн шүү. Ахмад дайчин" гэж сайрхан тодруулав.

-Эх орны их дайны үед Зөвлөлтөд Томбовт сурч, фронтын шугамд буу мөрлөж явсан хүн дээ гээд намайг мухарлагч чинь,

-За аа тийм байж гээд тамшаалснаа

-Танай сум чинь 100 настантай билүү? гзж байна.

(Ёо ёо би хэлэх үггүй болж, юу билээ гэх янзтай "муу” өвгөнийг ширтэв).

-Бурд овогт Чинэрэвийн гэргий Пужуу гэх хүн 100 насалсандаг. Бичээрэй багшийн ээж дээ. Одоо манай Биньеэгийн Аюурзана гуай 103 хүрчихээд дэгдэж явна шүү дээ гэж "онгиров”. Би тэвдэхдээ,

-Нээрээ юу? гэж адган асуув.

-Нээрээ байлгүй яахым бэ! Та утсаар нь ярина уу. Дугаар нъ энэ байна. Сайхан ярина шүү дээ гээд өврөөсөө утсаа гаргалаа.

-За за дараа л ярья. Би сайн таньдагтүй юм гэж өөрийгөө аргацаав.

-За за хүмүүс нь нэг иймэрхүү. Танай сум чинь өвөл зунгүй өөрөө ундарч байдаг газрын гүний артерийн худаггүй гэсэн байх аа гэзд намайг нэвт шувт төөнөх мэт харж байна.

-Муу сайн худгууд ч бий л дээ. Арай ч байнга ундрахгүй л дээ гэсхийгээд орхив.

 

-Манай тэр худгийг Ванчинсүрэн мастертай бригад 1989 онд 208 метр гүн өрөмдөж гаргасан юм билээ. Зүүнговийн төвийг энэ худаг л амьдруулж бйна шүү дээ. Таныг арай олон асуултаар мохоож орхив уу даа гэж "муу өвгөн чинь намайг өрөвдөж байнаа. Тэгснээ

-Одоо хоёр үг хэлээд больё.

-За бас юу вэ? Таны энэ бахархал ч юм уу бардамнал ч юм уу, би их хүндэтгэж байгаагаа илэрхийлье гэж салахын түүс болж дуугарвал,

-Манай сумын тевд боссон Амарсанаа баатар хүлэглэж явсан гэх домогтой аав ноены зарлигаар Хулцаанхны удмын сүргээс өгсөн дөнөн хөх морины хөшөөг та үзсэн биз дээ?

-Тийм ээ, тийм гэж түгдрэхэд,

-Манай сумын нэг буянтай залуу Гэлэгийн Батсүх 2014 онд 75 сая төгрөг зарж, босгосон шүү дээ. Сайхан хөшөө босгосон доо. Буян нь дэлгэрэг гэж ихэд сүсэглэн өгүүлэв.

 

Энэ зуурт Гүн цолтой асан гурван ноёны нэг Түмэнбаяр гүн нөгөө дуулиант Жа ламын дуудлагаар (Дамбийжанцанг хэлж байлаа) очихдоо ороо буур хөлөглөн очиж, аяга дүүрэн архинд хэсэг зүү хугалж, дарь хийж байгаад уучихаад,

-Та одоо гар буугаараа намайг буудчих. Дараа нь би энэ Амарсанаагийн үлдээсэн шар буугаар таныг буудна. Хэн нь амьд үлдэхээ үзье хэмээн өгүүлж түрэмгий омгийг нь номхотгон айлгаж авсан гэх аман яриа ч бас санаанд орж, 56 хэм хүрч хүйтрэхэд (1978 он шиг билээ) ажраагүй энэ нутгийнханд миний мадлуулах юухан ч биш санагдсанаа нуугаад яахав.

 

Тэгээд ичиж эмээхийн эрхэнд автаж,

-Танай нутгийнхны (Увс аймгийн Зүүнговь сумын) энэ бүх түүхийг сонслоо. Баярлалаа танд, сайн сайхныг хүсч байна гээд босоход "муу” өвгөн чинь

-Манай сум өнгөрөгч онд болсон сумын хурлын сонгуульд Ардчилсан нам 19 суудал авч, ёстой сайхан юм болсон шүү дээ гэж улс төр лүү орж, ихэд догдолсон байдалтай гарыг минь чанга атгаж билээ. "Муу” өвгөн чинь хаалган дээрээ үдэж, гар барихдаа,

-Манай нутгийн хоёр авьяастан Т.Баянсан, Я.Баяраа нар таныг багш аа гээд их тоодог хүндэлдэг юм билээ гэхэд нь би бяцхан балмагдаж,

-Миний багшилдаг гэж юу байхав дээ. Дөрөөнд нь сүү өргөж, дэмжиж дэгтэрч яваагаас цаашгүй дээ гэж үнэнээ өчөөд гарсан билээ.

 

Ингэж нутаг усаараа, үүх түүхээрээ бүтээж босгосноороо бахархан ярьсан сайхан өвгөний үг бахархал байн байн бодогдоод есөн удаа дийлдсэнээ мартаад, нэг мэдэхнээ бусдад хэлж хүүрнэх, дуртай болчихсон болой.

Сэтгүүлч, яруу найрагч, Монгол Улсын Соёлын гавьяат зүггэлтэн Б.НОРОВ

2016.12.29. Улаангам

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen