Хэвлэлийнхэн П.Анужингийн “нохойд барьдаг” мод уу?
Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээрээ олны танил болсон П.Анужингийн тухай шар бор мэдээлэл олон нийтийн сүлжээнээс тасардаггүй. Тэрбээр "Өөрийг нь янз бүрээр бичсэн, нөхрөөс нь салгасан, Б.Баатартай нэр холбосон” гэж хэвлэлийнхнийг нэг бус удаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа муулчилсан. Сонгуулийн пи-араа ч хэвлэл, мэдээллийнхнийг буруутгаж, өөрийгөө өмөөрөх, цайруулах хэлбэрээр явуулж байгаа бололтой.
Тэгвэл яг үнэндээ П.Анужинг нөхрөөсөө салахад хэвлэл ямар буруутай байсан юм бэ? Хоёр хүн хоорондоо эвтэй найртай, үнэнч шударга байсан бол хоёр сая хүн ховонд оруулж, эсэргүүцэж, шүүмжилж байсан ч салах аргагүй. Хэвлэлээр бичүүллээ гээд эхнэр нь нөхрөөсөө, нөхөр нь эхнэрээсээ салж байвал тэр гэр бүлд итгэлцэл яаж байсан хэрэг вэ?
Өнөөдөр хүмүүс ам дамжуулан ярих болсон Анужин гэх бүсгүйн амьдралыг хэвлэлүүд таг хоосноос зохиож бичээгүй юм. Олны анхаарлыг татсан бичлэг сэлт нь олон нийтийн сүлжээнд анх тарсан санагдана. Тэр ч байтугай өөрийгөө хүндэлдэг мэдээллийн хэрэгслүүд түүний тухай мэдээлэлд харцаа ч унагаагүй, тийм мэдээллийг нийтэд хүргээгүй.
Гэтэл өөрийнхөө хийсэн алдааг бусдад тохож, энхийн цагаан тагтаа болон жүжиглэх нь П.Анужингийн пи-ар, улстөрд хэрэгтэй юм бол хэвлэлийнхэн нийтээрээ ингэж удаа дараа доромжлуулаад худал, үнэнгээрээ гүтгүүлээд сууж байдаг хэрэгсэл бас биш.
Саяхан түүнтэй холбоотой мэдээллийг сошиалаар цацаж, түүнийг нь мэдээлсэн есөн сайт хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хязгаарлуулахаар болжээ. Болсон үйл явдал гэдгийг нь батлах хэцүү ч бас худлаа гүтгэлэг гэж үгүйсгэх хэцүү. Чухам иймээс хэрэв хэвлэл хэн нэгний нэр төрд халдсан гэж үзвэл түүнийг ШӨХТГ биш шүүх шийдэх ёстой.
П.Анужин нөхрөөсөө салсан уу гэвэл тийм. Гэхдээ хэвлэлүүд түүнийг хүчээр нөхрөөс нь салгасан юм биш. Б.Баатартай холбогдсон уу гэвэл тэрхүү утсан дээрх бичлэгт "Үнэн” гэдгээ өөрөө нотолсон байсан. Өөрөөр хэлбэл, түүний үгүйсгэн, нууж байсан мэдээлэл өдгөө хүмүүст ил болж, үнэн байсан нь харагдаж л яваа. Хэвлэл мэдээлэл нийтээрээ түүнд таалагдах албагүй. Бүгдээрээ буруу байх шалтгаангүй.
Өөрийнхөө үйлдлийг хязгаарлаж чадаагүй байж түүндээ хэвлэлийнхнийг удаа дараа гүтгэн, доромжилж, худлаа яриад болчихдог юм байна гэж бодвол хэвлэлийнхэн ч бас түүн шиг заргалдах эрхтэй. Амьдралынхаа түм буман алдааг хэвлэлийнхэн рүү нийтэд нь чихчихээд, өөрөө уснаас хуурай гарна гэж бодож байгаа бол үүн шиг эндүүрэл хаана байх вэ. Үнэн юм үнэнээрээ сайхан. Өө сэвгүй ухаалаг бүсгүйгээс ядарсан эмэгтэйн дүрд тоглох гээд өөрийнхөө толгой дээрх тэмээгээ харахгүй яваад байна уу гэсэн бодол түүний ярианаас нэг бус удаа төрснийг нуух юун. Тиймээс сав л хийвэл хэвлэл рүү нулимлах болсон сайхан бүсгүйд нэг зөвлөгөө өгье, "Юм үнэнээрээ сайхан” гэж. Тэгж яривал П.Анужин өөрөө л "ширээн дээрээс" уначихсан юм билээ ш тээ.
Эх сурвалж:news.mn
Б.ХОНГОР
http://www.infomongol.mn/content/read/70142.htm