УИХ тарах уу, Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслөө гацаах уу

УИХ тарах уу, Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслөө гацаах уу

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн. Түүнчлэн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар төслийн талаарх саналаа илэрхийлж, үг хэлсэн. Тэрбээр үгийнхээ төгсгөлд “Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийчихээд өөрөө тар” гэсэн нь олны анхаарлыг татаад байгаа юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга "Эрхэм гишүүд ээ, Та бүхэн сүүлийн арван жилийн туршид яригдаж, хэлэлцэгдсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах сонгогчдын даалгаврыг биелүүлж чадваас түүхэн үүрэг хариуцлагаа биелүүлсэн гэж үзээд УИХ-ыг тарааж, дараагийн сонгуулийг даруй зарлах шаардлагатай боллоо. Улс оронд ШИНЭ ГАРАА, ШИНЭ ЭХЛЭЛ даруй хэрэгтэй байна. Та бүхэн иргэний болон улс төрийн эр зориг гаргаж эдгээр алхмыг хийснээр ардчилсан түүхэнд тэмдэглэгдэн дурсагдах гавьяаг байгуулах болно" гэсэн.

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөлд УИХ-аар хэлэлцэгдэж буй төслөөс Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбогдсон нэмэлт, өөрчлөлтөд хамаарч буй төслийн 49.5, 49.6, 49.7, 49.8, 51.1, 51.2, 51.3, 51.5 дахь хэсгийг бүхэлд нь хасах санал гаргаж байгаагаа дурджээ.

ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЖ, ХАРААТ БУС БАЙДЛЫГ ХАНГАХТАЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

Нэг. Шүүгчийн мэргэшсэн, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, томилгоог ил тод болгох, бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг шүүгчид өөрсдөө сонгодог болох:

51.1. Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, хорин нэгэн шүүгчээс бүрдэнэ.

51.2. Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шатны шүүхийн шүүгчийг томилох шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлнэ. Ерөнхийлөгч энэ шийдвэрийг хүлээн авснаас хойш хорин нэг хоногийн дотор батламжилна. Үндсэн хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзвэл Ерөнхийлөгч шүүгчийг батламжлахаас татгалзаж, үндэслэлээ нийтэд мэдээлнэ. Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохдоо томилгооны сонсголд оруулж, томилох шийдвэрээ Улсын Их Хуралд танилцуулж, Ерөнхийлөгчид хүргүүлнэ.

51.3.Хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан, гучин нас хүрсэн Монгол Улсын иргэнийг анхан шатны шүүхийн шүүгчээр томилно. Давж заалдах шатны шүүхийн шүүгч нь тухайн шүүн таслах ажлын төрлөөр дагнан анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил шүүгчээр ажилласан байна. Улсын дээд шүүхийн шүүгчээр хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр арван таваас доошгүй жил ажилласан, дөчин нас хүрсэн Монгол Улсын иргэнийг арван хоёр жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилно.

51.5. Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос нийт шүүгчдийн олонхийн саналаар гурван жилийн хугацаагаар сонгоно. Ерөнхий шүүгчийг тухайн шүүхэд нэг удаа улируулан сонгож болно.

Хоёр.Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүгчийн хариуцлагын зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох:

49.5.Шүүхийн ерөнхий зөвлөлийг дараахь журмаар байгуулна:

1/ Шүүхийн ерөнхий зөвлөл арван гишүүнээс бүрдэнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийнгишүүн дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллана;

2/ Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо нэр дэвшүүлэн томилгооны сонсгол хийж, Улсын Их Хурал хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар томилно. Тэдгээр нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэн байна;

3/ Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн нэгийг хяналтын шатны шүүхийн шүүгчдээс, нэгийг давж заалдах шатны шүүхийн шүүгчдээс, гурвыг анхан шатны шүүхийн шүүгчдээстус бүр дундаасаа сонгоно;

4/ Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэр дэвшүүлж, нийт гишүүний олонхийн саналаар сонгоно.

49.6. Шүүгчийн хариуцлагын зөвлөл нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон бусад шийтгэл ногдуулах, чөлөөлөх шийдвэр гаргана.

49.7. Шүүгчийн хариуцлагын зөвлөл есөн гишүүнтэй байна. Тэдгээрийн гурав нь шүүн таслах ажлын туршлагатай хуульч; гурав нь хууль зүйн эрдэмтэн; гурав нь иргэдийн төлөөлөл байна. Зөвлөлийн гишүүд нь зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно.

49.8. Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүгчийн хариуцлагын зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах бусад шаардлагыг хуулиар тогтооно.

Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой дээрх заалтуудыг бүхэлд нь хасна гэдгээс харахад Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл энэ удаагийн УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааны үед лав урагшлахаасаа өнгөрөв бололтой. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч энэ төслийг батлаад, өөрсдөө тар эсвэл хугацаагаа дуустал сууна биз гэсэн хандлагаар дээрх төслийг өргөн барьсан мэт.

Бүр тодруулбал, шүүх эрх мэдлийг ийн тусад нь гаргаад хэн нэгний гарт өгчихөөд тардаг парламент ч гэж хаана байх вэ. Тиймээс Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд унахгүйн тулд хуулийн өөрчлөлтөө хийгээд тарах бус зүгээр л хуулийн төслөө гацааж, хугацаагаа хүлээх үлдэж байгаа бололтой. 

Erennews.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen