Йеменд агаарын цохилтын улмаас 13 хүн амь үрэгджээ
Саудын Араб тэргүүтэй эвслийн нисэх онгоцнууд Йемений хойд нутгийн Саада мужид агаарын цохилт өгсний улмаас 13 хүн амь үрэгдсэн гэж албаныхан мэдэгдлээ. Саада мужийн Эрүүл мэндийн газар “Xinhua” агентлагт утсаар мэдээлснээр, мужийн Катабир дүүрэгт байрлах Аль-Сабит худалдааны захад эвслийн нисэх онгоцнууд агаарын цохилт өгсний улмаас 13 хүн амь үрэгдэж, 23 хүн шархаджээ. Шархадсан хүмүүсийн 11 нь хүүхэд байсан аж. Эх сурвалжуудын хэлж байгаагаар, агаарын цохилтод хэд хэдэн жимс болон хүнсний ногооны лангуу өртөж, сүйджээ. Харин Саудын Араб тэргүүтэй эвсэл уг асуудлаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна. Йемены Хусит босогчид Саудын Арабын баруун өмнөд нутгийн Асир хот руу баллистик пуужин харвасан гэж мэдэгдсэнээс хэдхэн цагийн дараа уг агаарын цохилт болжээ.
Т.Есүхэйтөмөр