Д.Трамп Мексикийн хилийг тусгаарлахаар яарч байна

АНУ-ын Дээд шүүхээс Ерөнхийлөгч Д.Трампыг сонгуулийн санал хураалтад ялалт байгуулахад нь нөлөөлсөн гол амлалт болох АНУ-Мексикийн хилийн дагуу хана босгоно гэсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг шаардсан талаар “Ройтерс” мэдээллээ. Хууль тогтоогчид энэ бүтээн байгуулалтад шаардлагатай төсвийг батлахаас татгалзсан ч Дээд шүүх үүнийгээ хэрэгжүүлэхийг шаардаж байгаа юм.

Консерватив намын төлөөлөл бүхий Шүүхийн бүрэлдэхүүний дийлэнх нь дээрх саналыг дэмжсэн ч Конгресс эсрэг байр суурьтай байна. Учир нь тэд үүнийг Мексикийн Засгийн газрын эсрэг Ардчилсан намынхан гутамшигтай харилцаа үүсгэнэ гэж болгоомжилж байгаа аж. “АНУ-ын Дээд шүүх доод шатны шүүхийн шийдвэрийг няцааж, өмнөд хил дээр хана барих ажлыг үргэлжлүүлэхээр боллоо. Хилийн хамгаалалт, хуулийн хэрэг­жүү­лэлтийг нэгтгэсэн том ялалт байлаа” гэж Д.Трамп шүүхийн мэдэг­дэл гарсны дараа жиргэсэн байв.

Гэсэн ч одоогоор шүүхийн албан ёсны шийдвэр гарах хүртэл сорилтууд үргэлжилсээр байх төлөвтэй байгаа юм. “Өнөөдрийн шийдвэр нь цэрэг армийн төсөв нь хилийн ханын бүтээн байгуулалт болж улмаар Калифорни, Нью Мексик, Аризона муж дахь холбоо харилцаа, нийтийн эзэмшлийн талбай, гол усны урсацыг ханаар тусгаарлахаар болж байна” гэж хана барих төслийг эсэргүүцэгчдийн нэг, “Sierra Club” байгаль орчныг хамгаалах төвийн өмгөөлөгч Глориа Смит хэлжээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын 15-нд ерөнхийлөгч Д.Трамп Конгрессийн зөвшөөрөлгүйгээр тусгаарлах ханыг босгох үндэсний түргэвчилсэн хөтөлбөрөө тунхагласан юм. Үүний дараа Ардчилсан намын төлөөлөгчид үүнийг Д.Трамп АНУ-ын Үндсэн хууль болоод Конгресс дэх өөрийнхөө эрх мэдлийг хэтрүүлж байна хэмээж байв. Пентагоноос хүргүүлсэн 2.5 тэрбум ам.доллар бүхий тусгаарлах хана барих саналыг Конгресс няцаасны дараа Батлан хамгаалах яам болон Сангийн яамны төсвөөс бүтээн байгуулалтад шаардлагатай 6.7 тэрбум ам.долларын саналыг Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас дахин тавьсан юм. Тус засаг захиргаанаас мэдэгдэж буйгаар шүүхийн шийдвэрийг яаралтай гаргуулах шаардлагатай аж.

Д.Трампын хана босгох амлалт 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн гол хөзрүүдийнх нь нэг байв. Хана бол түүний хувьд цагаачлалын бодлогод хэрэгжүүлэх чухал алхам. 2020 онд дахин сонгуульд өрсөлдөхөд нь дэмжлэг болох билээ. Д.Трамп “Тусгаарлах хана босгосноор хууль бус цагаачдыг хязгаарлахаас гадна хар тамхины наймаачдын замыг хаах юм” гэжээ.

Ж.Цогзолмаа

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen