“Саарал жагсаалт”-ын тухай хэн, юу хэлэв?

Монгол Улс Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын саарал жагсаалтад орохгүй, эдийн засгийн хувьд чөлөөтэй үлдэх эсэх нь ирэх аравдугаар сард тодорхой болох юм. Энэ тухай албаныхан ямар байр суурьтай байгааг сонирхуулъя.

Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун

Манай дагалдах тайлан 2019 оны нэгдүгээр сард Ази номхон далайн бүсийн байгууллагад хүргэгдсэн. Дагалдах тайлангийн жилийн хурал дээр хэлэлцэх төсөл тавдугаар сарын 24-нд гишүүн орнууд болон ажиглагч байгууллагуудад тараагдсан. Нааштай үр дүн гарч магадгүй гэж найдаж байгаа. Энэ чигээрээ яваад манай тайлан наймдугаар сард жилийн хурал дээр хэлэлцэгдээд батлагдвал бид саарал жагсаалтаас ганц алхам хойшоо алхах юм. Аливаа улс орон ФАТФ-ын саарал жагсаалтад орсон тохиолдолд нэн тэргүүнд санхүүгийн үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг. Тухайн улс орны харьяанд байдаг банкны гадаад гүйлгээ хийгдэхгүй байх, удаашрах, харилцагч гадаад орны банкууд харилцаагаа таслах үйл ажиллагаа явагддаг. Тийм учраас ямар ч улсын хувьд ФАТФ-ын саарал жагсаалтын сураг гарч ирэхэд хамгийн түрүүнд санхүүгийн систем нь хохирдог. Одоогийн орчин үеийн эдийн засаг бол зөвхөн санхүүгийн систем биш. Санхүүгийн систем нь хүний биеэр жишвэл цусны эргэлтийн системийн үүргийг гүйцэтгэж байгаа. Тэгэхээр санхүүгийн системээр дамжаад эдийн засагт нөлөөлнө. Ийм хүндрэлтэй нөхцөл байдалд орохгүйн тулд Монгол Улс бүх нийтээрээ л ажиллах ёстой, өөр арга байхгүй. Тэгж байж бид эдийн засгаа хамгаална, санхүүгийнхээ салбарыг хамгаалж үлдэнэ.

ОУВС-гийн Монгол Улсад ажилласан ажлын хэсгийн ахлагч Жэфф Готтлийб

Монгол Улс саарал жагсаалтад орох асуудал нь ОУВС-гаас шууд хамаарахгүй. Олон улсын APJ, FATF гэсэн мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр мэргэшсэн хоёр байгууллагын хийсэн үнэлгээний хүрээнд яригдаж байгаа асуудал. Валютын сангийн зүгээс мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр хууль эрх зүйн орчныг сайжруулахын тулд техникийн туслалцаа үзүүлсэн байгаа. Монгол Улсын хувьд хууль эрх зүйн орчин хангалттай бүрдчихсэн боловч хэрэгжүүлэх тал дээр асуудалтай байгаа. Хэрэгжүүлэлтийг сайжруулах шаардлагатай гэсэн зүйл яригдаж байгаа.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ

“Жаст”-ын Ш.Батхүүгийн хөрөнгийн жагсаалтыг өнөөдөр ил болгож байна. Түүнтэй холбоотой 98 тэрбум төгрөгийн 185 хөрөнгө байгаа юм. Гэтэл мөнгө байхгүй тул “Эрдэнэт үйлдвэр”-ийн өрийг төлөхгүй гэдэг. Энэ мэтээр төрийн мөнгийг үнэгүйдүүлсэн хүмүүс олон байна. Үүнтэй холбоод хэлэхэд Хөгжлийн банкнаас зээл аваад эргээд төлдөггүй аж ахуйн нэгжүүд байна. Одоо ХХААХҮЯ дээр байгаа бүх бичгийг шалгаж байна. Энэ мэт асуудлаас үүдээд олон улсын банк санхүүгийн байгууллага үүнийг мөнгө угаах хэрэг гэж хараад байна. Монголд мөнгө угаалтаар илэрсэн нэг ч хэрэг байхгүй.

 УИХ-ын гишүүн Ж.Батзандан

Монгол Улсын өмнө тулгараад байгаа нэг асуудал нь саарал жагсаалт боллоо. ФАТФ манай улсыг аравдугаар сард саарал жагсаалтад оруулах эсэхээ шийднэ. ФАТФ манай улсын мөнгө угаах, терроризмтой тэмцэх зөвлөмжийн хэрэгжилтийг хангахгүй байна гэсэн анхааруулгыг ирүүлээд байна. Хэрэв энэ сааралт жагсаалтад Монгол Улс орвол гадны улсад хийх иргэдийн валютын гүйлгээ зогсоно. Ам.долларын ханш чангарна.

ЭХ СУРВАЛЖ: EAGLE.MN

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen