Үндсэн хуулийг ордны хуйвалдаанаар өөрчлөх гэж байна
Эрх баригч намынхан өнгөрсөн ням гаригт Ерөнхийлөгч Х.Баттулга болон АН-ынхантай албан бусаар уулзжээ. Тэд амралтын өдрөөр Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэж санал солилцсон байна. Энэ тухай өнгөрсөн даваа гаригт болсон МАН-ын бүлгийн хурлын үеэр ч яригдсан байдаг. Мөн өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатар “Төрийн гурван өндөрлөг Үндсэн хуулийг өөрчлөхөөр санал нэгдэж, тодорхой шийдэлд хүрсэн” гэв. Тэгэхээр улс төр хөшигний ард Үндсэн хуулийн өөрчлөлтийг ордны хуйвалдааны аргаар хийх хувилбарууд яригдаж эхэлсэн бололтой.
Ер нь Төрийн гурван өндөрлөг албан бусаар, протоколгүй уулзахыг хуулиар бол зөвшөөрдөггүй. Харин сүүлийн үед энэ тэнд хоёр, гурвуулаа уулзлаа гэсэн асуудал олон яригдах болов. Ийм албан бус уулзалтаар яригдсан зүйлүүд нь ажил хэрэг биш харин улс төрийн хуйвалдаан болдог. Тэгэхээр Төрийн гурван өндөрлөг амралтын өдөр уулзаж, Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой хуйвалдаан хийж, тодорхой тохирцоонд хүрсэн болж таарч байгаа юм.
Ерөнхийлөгчийн хувьд өмнөх долоо хоногт л МАН-ын боловсруулсан Үндсэн хуулийн төслийг буцаах мэдэгдэл гаргаж байлаа. Уг албан бичигт хууль зөрчсөн байдлаар өргөн баригдсан, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг холбогдох журмын дагуу буцааж, хуулийн шаардлага хангуулах арга хэмжээг авахыг илэрхийсэн байдаг. Харин УИХ-ын дарга Г.Занданшатарын мэдэгдлээр бол Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт ирүүлсэн бичиг байр сууринаасаа өнөөдөр ухарсан болж таарч байна. Тэгэхээр өнгөрсөн амралтын өдөр болсон Ерөнхийлөгч, МАН, АН-ын гишүүдийн албан бус уулзалтаар ордны хуйвалдаан хийж, Үндсэн хуулийг өөрчлөхөөр тодорхой тохироонд хүрч л дээ.
Мөн албан бус уулзалтын дараа буюу өнгөрсөн даваа гаригт АН нэгэн мэдэгдэл хийсэн нь хачирхалтай байлаа. Тэд “МАН Үндсэн хууль өөрчлөлт оруулах эрхгүй, төслөө татаж авахыг шаардаж байна. Авахгүй бол тэмцлийн бүхий л аргыг хэрэглэн эсэргүүцэх болно” гэсэн байдаг. Тэгэхээр амралтын өдрүүдэд болсон уулзалтаар МАН-ынхан Ерөнхийлөгчтэй тохироод харин АН-ынхантай учраа олоогүй юу. Эсвэл сөрөг хүчний энэхүү мэдэгдлийн ард ямар нэгэн улс төрийн тоглолт яваа юу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.
Ямартай ч Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ордны хуйвалдаан ид яригдаж байна. Уг нь Монгол Улсын хөгжлийг тодорхойлох Үндсэн хуулиа ордон тойрсон хуйвалдаан, улс төрийн тохироогоор биш ард түмний санал асуулга, тэдний саналаар л өөрчлөх ёстой. Харин эрх баригчид энэ парламентын үед, өөрсдийнхөө саналаар “эцэг” хуулийг өөрчлөхөөр хэтэрхий улайрч байна.
1992 оны Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахын тулд 900 гаруй мянган хүнээс давхардсан тоогоор 200 гаруй саналыг авч, Улсын бага хурлаар дөрвөн удаа, олон намын тогтолцоо бүхий АИХ-аар 76 хоног хэлэлцэн баталж байсан юм. Ингэж л Монголын ард түмний сонголтыг баталгаажуулж байсан билээ.
Тэгэхээр яах аргагүй Үндсэн хууль бол ард түмний өмч. Харин УИХ-аас 1999, 2000 онуудад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байсан. 1999 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгож байсан бол 2000 оны нэмэлт, өөрчлөлттэй холбогдсон шүүмжлэл, маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Энэ нь үнэн ч гэлээ “эцэг” хуулиа улстөрчид хуйвалдааны аргаар өөрчлөхөөр шийдэж, зүтгэж эхэлсэн нь харамсалтай.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин