"Мобиком"-ын удирдлагууд АТГ-т шалгагдана
Үүрэн телефоны томоохон операторуудын нэг болох "Мобиком" корпорацийн үйл ажиллагаа доголдоход хүрсэн талаар хэвлэлүүдээр мэдээлсэн. Учир нь тус корпораци нь "Монтрейд" компанийн байранд түрээсийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд “Монтрейд, Ньюком” компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу “Ньюком” компанитай гэрээ байгуулан оффис түрээслэн үйл ажиллагаа явуулж ирсэн байна.
Гэвч гэрээний хугацаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд дууссан ч гэрээгээ сунгалгүй өнөөдрийг хүртэл тус байранд үйл ажиллагаагаа явуулсан аж. Энэ хугацаанд "Монтрейд" компанийн зүгээс түрээсийн төлбөрөө тохиролцоод гэрээгээ байгуулаад явъя хэмээн шаардсан боловч "Мобиком" корпораци шаардлагад нь хариу өгөлгүй 5 сарыг ардаа үдээд байна.
Тиймээс энэ асуудлаар "Монтрейд" компанийн зүгээс "Мобиком" корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамадад шаардлага хүргүүлжээ.
Шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Мөн "Мобиком" корпорацийн удирдлагуудыг АТГ-т шалгуулахаар өгчээ. Учир нь "Мобиком" корпораци нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд "Монтрейд", "Ньюком Проперти" компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу хотын А бүсэд мкв нь 17.357 мянган төгрөгөөр оффис түрээслэж ирсэн байна. Ингэхдээ дамжуулан түрээслэгч компанийн зүгээс нэг нугалан мөнгө авдаг байсан байж болзошгүй нөхцөл байдал байгаа аж. Хэдийгээр "Мобиком" нь үүнийг мэддэг хэрнээ чимээгүй явсаар ирсэн. Дамжуулан зуучлагч компани оруулалгүйгээр хямд оффис түрээслэх боломжтой байтал заавал дамжуулан түрээслэгч компани оруулж ирэн өндөр үнээр түрээслэдэг байсан нь авлигын шинжтэй байж болзошгүй хэмээн "Мобиком"-ын удирдлагуудыг АТГ-т шалгуулахаар өгсөн байна.
Дашрамд сануулахад, "Мобиком" корпораци нь Японы томоохон "KDDI" корпорацийн охин компани юм. KDDI корпораци нь олон улсад мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ хүргэгч оператор компани бөгөөд 1995 онд Монголын Ньюком, Японы Сумитомо корпорацитай хамтран Мобиком корпорацийг байгуулж байжээ.
Харин өнгөрсөн 2016 онд "KDDI" нь Мобиком корпорацийн хамгийн том хувьцаа эзэмшигч болсон юм байна.
Япондоо хамгийн томоохонд тооцогддог KDDI корпораци нь монголын жижигхэн түрээсийн үйл ажиллагаа явуулдаг компанийг ийнхүү дээрэлхэж, төлбөр мөнгөө өгөхгүй байгаа асуудалд иргэд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна.
Б.Итгэл
Shuud.mn