Өрсөлдөөний шинэ хэлбэр буюу “Контас” , “Тайм Шоп”-ууд бие биенийхээ домайн сайтыг “хакержээ”
Хэрвээ хүмүүсийг хамгийн ширүүнээр өрсөлддөг дотоодын компаниудыг нэрлэ гэвэл үүрэн холбооны “Мобиком”, “Скайтел” –ийг хэлэх биз ... Энэ хоёр “аваргын” янз бүрийн хэлбэрийн өрсөлдөөн олон нийтийн ярианы сэдэв болсооор ирсэн. Хэдхэн жилийн өмнө нийслэлийн гар утасны худалдаа, үйлчилгээний хамгийн том төв “Теди”-д “Берлины хана”-ын шуугиан дэгдэж байсан.
Энд “Мобиком”-ынхон эхэлж үйл ажилагаагаа явуулсан ч гэнэтхэн “Скайтел” хаяа нийлэн орж ирээд үйлчилгээний шинэ төв нээсэн. Тэр даруйд “Мобиком”-ынхон хоёр компанийг холбож байсан үйлчилгээний заалын хэсэг “Берлины хана” хэмээх хаалт босож өмнө нь чөлөөтэй зорчдог байсныг зогсоосон. “Хана” одоо ч өрсөлдөөний нэг билэг тэмдэг болсоор байна. Харин өдгөө компаниуд өрсөлдөөний арай илүү “боловсронгуй” хэлбэрт шилжжээ.
Цахим орчин өргөн нэвтэрсэнийг ашиглан бие биенийхээ домайн сайтыг “хакерддэг” болсон гэнэ. Ийм нэгэн явдал саяхан болжээ. Цагны худалдаанд олон жилийн турш тогтвортой ажиллаж байгаа нь “Контас” болон “Тайм Шоп”-ыг нэрлэж болно. Нэг салбарт бизнес эрхэлж байгаагийн хувьд тэд өрсөлдөгчид болох нь мэдээж. Саяхан “Контас” дэлгүүрийн сайт гэнэт хаагджээ.
Уг сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээс гадна тухайн компаний 2016 оноос хойш зурагтаар цацаж байсан бүхий л зар сурталчилгаа нь видео хэлбэрээр хадгалагдсан байжээ. Захирал нь шалгаж үзэхэд 9922 .... дугаар утсаар и-мэйл хаягт нь нууцаар халдаж домайн нэрийг нь авчихсан байжээ. Уг утас руу залгаж хаягийг буцааж өгөхийг шаардахад “ чадахгүй, битгий хуц” гэсэн гэнэ.
Ингээд цагдаад ханджээ. Цагдаагийн байгууллагийн шалгалтаар “Контас” дэлгүүрийн сайтад халдагч нь тухайн үед “Тайм Шоп”-д ажиллаж байсан Э.Н гэдэг эмэгтэй байжээ. Тэрээр холбооны мэргэжилтэй гэнэ. Болсон явдлыг “Контас”-ынхан өрсөлдөгч компаний удирдлагын захиалгаар хийгдсэн ажиллагаа хэмээн хардаж байгаагаа хэлжээ. Нийтийг хамарсан баярын өмнө сайт нь хаагдсан тул борлуулалт нь 10 хувиар унаж санхүүгийн хохирол хүлээсэн аж.
У.МАНДАХ, FACT.MN