Д.Хадбаатар аваргын тэмдэглэл
1974 он. Миний хувьд онцгой жил байсан юм. Бяр орж байна. Бүх юм жижигхэн харагдаад л. Надаас өөр бяртай хүнгүй юм шиг бодогдоод л. Хандгайтын баазад наадмын бэлтгэл хийж байлаа. Мөнхбат багш маань надад янз бүрийн мэх хэлж, заана. Би сурсан юмгүй. Өглөө болгон цуг гүйж дасгал хийнэ. Хар модыг үндсээр нь булга татна. Ер нь миний бяр ороод байсан бололтой юм билээ. Би тэр үедээ мэдээгүй. Мөнхбат багш бөхийн оноолт дандаа хийж харагдана. Би тэр энэнтэй таарна, би ингэж барилдана гэхчилэнгээр барилдааны тооцоо хийнэ. Нэг өдөр Мөөеө багш хуучнаараа тооцоо хийж үзээд ингэж хэлдэг юм байна.
-Манай хүн /намайг хэлж байгаа хэрэг/ гурвын даваанд уначихгүй бол үзүүр түрүүнд үлдэх нь байна гэлээ. Би Мөөеө багшийн энэ үгийг үнэндээ тоосонгүй. Долдугаар сарын 9-ний өдөр. Тамир эгч /Мөөеө багшийн эхнэр/ Мөөеө багшийг авахаар УАЗ-469 машинтай ирээд намайг цуг явах уу гэхэд нь би "явахгүй" гээд үлдэв.
Бэлтгэлийн үед Мөөеө багш намайг дасгалжуулаад хааш нь ч хөдөлгөдөггүй, байнга мэх заагаад сул зогсоодоггүй байсан болохоор би тэр бүхнээс нь залхаад цуг явалгүй Хандгайтад үлдсэн нь тэр дээ, хөөрхий.
Би 11-нд хотод ирлээ. 12-ны өдөр бөхчүүд гурвын даваанд ам авч эхлэв. Миний ээлж боллоо. Би ам авахдаа багштай /Мөөеө/ ярьж зөвлөсөн юмгүй, өөрөө бие дааж том толгой гаргав. Бөхийн оноолтынхон дээр очсон чинь "Сайн чагнаад амаа авна биз" гээд баахан нэр уншлаа. Чагнаад байсан чинь дандаа л цэргийн хүүхдүүдийн нэр гараад байх юм. Би хэлэв.
-Үгүй би цэргийн хүн. цэргээс өөр энгийн хүн байдагүй юм уу гэсэнд бодвол тэдний дургүй нь хүрээ байлгүй дээ.
-Аа, энгийн хүнээс үү? Шижээ байна, Дорноговийн бүдүүн Одсүрэн хоёр л байна гэхээр нь Баянмөнх аварга "Шижээг битгий аваарай" гэж захиж байсан болохоор "бүдүүн" Одсүрэнг гээд авчихлаа шүү. Гэтэл дэргэдээс "Чи яах гэж Одсүрэнг авч байгаа юм бэ" гэхээр нь "хаях гэж авч байгаа юм аа" гээд оноолтынхны өрөөнөөс гарав аа.
Ингээд хөөрхий гурвын даваанд нөгөө Одсүрэнгээ дүүгүүрдэх гээд чадалгүй, тулгуур хөлөн дээрээ мордуулаад унасан юм даа. Хүний үг авалгүй том толгой гаргаж яваад их санасан газар есөн шөнө хоосон хоносны үлгэр болсон доо. Харин Мөнхбат багш маань түрүүлж, бага боловч сэтгэлийг минь тайтгаруулсан юм... /Д.Хадбаатар аваргын тэмдэглэл/