“Зээлтэй Монгол хүн та биеэ бодоорой”

“Зээлтэй Монгол хүн та биеэ бодоорой” гэж олон нийтийн сүлжээгээр хошигнох, анхааруулахыг хослуулаад байсан. Зарим нь үүнийг “Арилжааны банкууд хошин байдлаар зээлтэй иргэдэдээ анхааруулж байна” гэж мушгиж хошигносон нь ч бий. Аль нь байсан энэ нь үнэний ортой зүйл бололтой. Энэ оны эхний улирлын байдлаар манай улсад 1.2 сая зээлийн данс байна. Өөрөөр хэлбэл, хүн амын гуравны нэгтэй тэнцэх хэмжээнийх гэсэн үг. Дансыг зээлийн төрлөөр нь үзвэл хэрэглээний зээлийнх 349 мянгаар манлайлж байгаа юм. Дараа нь  цалингийн зээлийнх 347.4 мянга, тэтгэврийнх 239.9 мянга байна. Идэвхтэй хөдөлмөр эрхлэгчид нь 1.2 сая  байгаа.  Тэдний цалингийн зээлийн данс нь 347 мянга гэхээр тэдний мөн л гуравны нэгийг эзэлж байгаа. Өнгөрсөн онд тэтгэврийн насны 300 мянга орчим ахмад байсан. Түүн дээр энэ онд 30 мянган тэтгэвэрт гарах хүн байгаа гэдэг мэдээллийг албаныхан оны эхэнд өгч байсан. Тэгэхээр тэтгэврийн насныхны тоо тэтгэврийн зээлийн дансны тоондоо бараг дүйх нь. Тэтгэврийн, цалингийн, ипотекийн зээлгүй нь хэрэглээний зээлтэй байгаа. Ингээд харахаар Монголд ажил хөдөлмөр эрхэлдэг, орлоготой, тэтгэвэртэй нь бүгд л зээлтэй аж.

Энэ оны эхэнд Төв банкнаас хэрэглээний болон цалингийн зээлийн хугацаа, харьцаанд хязгаарлалт хийж олон нийтийг багагүй бухимдуулсан. Ингэхдээ “Иргэдийн хэрэглээний зээл хэтэрч байна. Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн” тухай хэлж байсан юм.  Үүнийг цаад учрыг давж харвал, монголчуудын зээл авах хэмжээ нь хэтэрч  Төв банк арга хэмжээ авахад хүргэснийг бэлхнээ илтгэж байна. Мөн арилжааны банкуудын зээлийн үлдэгдэл 2010 оны эцэст 3.3 их наяд төгрөг байсан бол 2015 оны эцэст 11.7 их наяд төгрөг, өнгөрсөн оны эцэст 17.2 их наяд төгрөг болсон.  Зээлийн үлдэгдлийн энэ өсөлт нь иргэдийн зээл авалт хэрхэн нэмэгдсэнийг мөн илтгэнэ. Дараагийн баримт нь өнгөрсөн онд Монгол Улсын зах зээлд арилжааны банкуудаас орж ирсэн мөнгөний хэмжээ юм. Монгол Улсын дансанд өнгөрсөн онд экспортоос долоон тэрбум ам.доллар, гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.9 тэрбум ам.доллар буюу таван их наяд төгрөг, Улсын төсвийн орлого 9.2 их наяд төгрөг орж ирсэн.  Харин арилжааны банкны зах зээлд нийлүүлсэн зээл сард 1-2 их наяд төгрөг буюу жилд дунджаар 20 их наяд төгрөг байгаа юм. Олгосон зээлийн хэмжээ ийм, зээлийн дансны тоо тийм. Ингэхээр яах аргагүй “Зээлтэй Монгол хүн та биеэ бодоорой” гэж анхааруулахаас өөр аргагүй юм.

 Эх сурвалж: Еagle.mn

http://eagle.mn/r/59124

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen