Утаанд зориулсан мөнгийг ингэж “иджээ”

 Утаанд зориулсан мөнгийг ингэж “иджээ”

-Агаарын бохирдлыг бууруулахад төдөн тэрбум төгрөг төсөвлөсөн гэнэ.


-Өө тэгээ юү. Тэгмээр дээ, энэ утаа үнэхээр болохоо байлаа, гайгүй мөнгө өгөөд, дорвитойхон ажил хийчихээсэй…. гээд толгой дохиж суусан цаг бий. Мэдээж энэ гамшгаас салахад мөнгө хэрэгтэй. Гэтэл та биднийг бодит үр дүн хүлээж суух зуур өнгөрсөн хугацаанд хэчнээн ч тэрбум төгрөг салхинд үргүй хийсэв. Харагдвал харагдаж, гарт баригдвал баригдахаар тоймгүй их ажил хийчихсэн баймаар санагдах атал төрийн толгойд байгаа нь ч, түүний тушаал шийдвэрийг гүйцэтгэгчид нь ч аль алинд нь сэтгэл дутсанаас урагш ахиагүй гээд хэлчихэд хилсдэхгүй болов уу.

Тийм ч учраас утаатай тэмцэх ажил заримынх нь толгойд шуудай шуудайгаар нь мөнгө олох арга болж хувираад, эхнээсээ дээлээ нөмрөөд "аав”-ынх руу явсныг саяхны түүх гэрчилнэ. Үүний тод жишээ нь Засгийн газрын тусгай сан буюу хуучнаар БОНХЯ-ны харьяа "Цэвэр агаар” сангийнханболон "Нүүрс” хөтөлбөртэй холбоотой дуулиант хэргүүд юм. Төсвийн мөнгийг хэрхэн завшиж болдгийг эдгээр үйл явдал харуулсан. Өөрөөр хэлбэл, утаанд зориулсан мөнгийг тэд ингэж "иджээ”.

Одоогоос зургаан жилийн өмнөх явдал, хэрэг нь нэгэнт шийдэгдэж, холбогдсон эзэд нь ялаа эдэлж байхад үүнийг дахин сөхөх хэрэг байгаа юм уу хэмээн гайхаж байж болох юм. Бид өнөөдөр ч утаатай "байлдаж” байгаа. Утаа багасахгүй байгаа нь ямар шалтгаантай, юун дээр алдсан, юуг буруу хэрэгжүүлэв гээд салбарынхан нь төдийгүй иргэд ч дээр доргүй шүүн тунгааж буй. Өнгөрсөн хугацаанд утааны эсрэг хэдэн төгрөг гаргаж, юунд зарцуулсан талаарх тайланг гаргаж өгөхийг утааны эсрэг жагссан аав, ээжүүд эрх баригчдаас шаардаад хариугаа авч чадаагүй сууна. Утааны эсрэг төсөвлөсөн мөнгө үнэхээр зорьсон ажилдаа хүрч чадсан эсэх нь эргэлзээтэй байдгийн нэг нотолгоо нь энэ юм.

2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч агаарын бохирдлыг бууруулах зарлиг гарган, хууль тогтоомжид УИХ өөрчлөлт оруулж, мөн шинэ хууль батлагдсаны дагуу Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо байгуулагдсан. Үүнээс үүдээд "Цэвэр агаар” сан байгуулсан түүхтэй. Гэр хорооллынхонд утаа бага ялгаруулдаг сайжруулсан зуух хөнгөлөлттэй үнээр олгосон гэдгээр нь иргэд энэ санг илүүтэй мэднэ.

Үндсэндээ "Цэвэр агаар” сан бол агаарын бохирдол бууруулахтай холбоотой төсөл, ажлуудыг санхүүжүүлдэг гол байгууллага байв. Тус сангийн захирал Н.Хүрэлсүх 2011 оны дөрөвдүгээр сард ажлаа авч, өөрөөсөө гадна дөрвөн хүний орон тоотойгоор бүтцээ батлуулсан юм байна.

Түүний мэдүүлэгтээ дурдсанаар бол Засгийн газрын заавраар, мэргэшсэн нягтлан бодогч авах шаардлагатай байсан учраас М.Хуланг ажилд авсан гэжээ. Хяналт шалгалтын явцад 2011 оны тавдугаар сарын 30-ны өдрөөс эхний хэрэг үйлдэгдсэн болохыг тогтоосон гэхээр сан байгуулагдаад хоёр сар ч бололгүй дарга, нягтлан хоёр улсын мөнгөнд хуруу дүрж эхэлсэн гэсэн үг ажээ.

2014 оны хоёрдугаар сарын 12-нд тухайн үеийн нэршлээр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 211 дугаартай шийтгэх тогтоолд дурдсанаар "Цэвэр агаар” сангийн захирал Н.Хүрэлсүх нь хоёр жил ажиллах хугацаандаа тус сангийн нягтлан М.Хулантай бүлэглэж, 2012 онд 116 сая төгрөгийг сургалт зохион байгуулах нэрээр "Хорчихуйн булаг” ХХК-ийн дансаар, 21.440.000 төгрөгийг ажлын хөлс нэрээр "Орхонсайхан булаг” компанийн дансаар, 1.454.079.500 төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэрээр "Тара” ХХК-ийн дансаар, 100.000.000 төгрөгийг зар сурталчилгаа нэрээр "ДЗТМ” ХХК-ийн дансаар, 2011 онд 240.000.000 төгрөгийг түлш нийлүүлэх нэрээр "Шарын голын дулаан” ХХК-ийн дансаар гаргаж, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулан, 1.931.519.500 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирлыг улсад учруулсан юм.

Мөн Н.Хүрэлсүх нь М.Хулантай бүлэглэж, "Хорчихуйн булаг” ХХК-ийн дансаар гаргасан 116 сая төгрөгөөс 38 сая, "Орхонсайхан булаг” ХХК-ийн дансаар гаргасан 21.440.000 төгрөгөөс 11 сая төгрөгийг тус тус авч, нийт 49 сая төгрөгийг хувьдаа завшсан төдийгүй хуурамч баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон байдаг. Тэрбээр "Цэвэр агаар” сангийн хөрөнгийг захиран зарцуулах, хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй албан үүрэгт ажилдаа хайнга хандаж, тус сангийн нягтлан бодогч М.Хуланд өөрийн гарын үсгийг хоосон цагаан цаасан дээр зурж үлдээсний улмаас нягтландаа мөнгө завших боломж олгосон аж.

"Цэвэр агаар” сангийн нягтлан бодогч М.Хулан нь "Хорчихуйн булаг”, "Орхонсайхан булаг”, "Ананд ложистик” компанийн гэрээг хуурамчаар үйлдэн, "Хорчихуйн булаг” компанийн дансаар гаргасан 116.000.000 төгрөгөөс 78 саяыг, "Орхонсайхан булаг” ХХК-ийн дансаар гаргасан 21.440.000 төгрөгөөс 10.144.000-ыг, "Шарын голын дулаан” ХХК-ийн дансаар гаргасан 240.000.000-ыг, 216.000.000 төгрөгийг, "Ананд ложистик” ХХК-ийн дансаар 429.760.000 төгрөгийг, мөн Д.Цэцгээ, Х.Болдмаа нартай бүлэглэж, хуурамч гэрээ үйлдэн "Шарын голын энерго Болд” ХХК-ийн дансаар 2011-2012 онд удаа дараагийн үйлдлээр 2.726.500.000 төгрөг гаргаж, үүнээс 1.931.938.529 төгрөгийг хувьдаа завшиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан байна.

Энэ хэрэгт нийт 11 хүн холбогдсон бөгөөд таван хүний орон тоотой "Цэвэр агаар” сангийнхнаас нэмээд нягтлан Х.Болдмаа, мэргэжилтэн Б.Чимэд-Эрдэнэ нар хэрэгт татагджээ. Х.Болдмаа нь "Цэвэр агаар” сангийн нягтлангаар ажиллаж байхдаа "Шарын голын энерго Болд” ХХК-ийг үүсгэн байгуулж, М.Хулан болон Д.Цэцгээ нартай бүлэглэж, хуурамч гэрээ байгуулан, тус сангаас гаргасан 2.726.500.000 төгрөгөөс 30.500.000 төгрөгийг хувьдаа завшсан юм байна. Харин тус сангийн мэргэжилтэн Б.Чимэд-Эрдэнэ нь 2011 онд "Пума империал” компаниас буцаагдсан бэлэн мөнгө болох 21.780.000 төгрөгийг хувьдаа авч завшсаныг шүүх тогтоосон аж.

Мөн энэ хэрэгт холбогдсон, тухайн үеийн БОНХЯ-ны Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Цэцгээ нь албан тушаалын байдлаа урвуулан "Цэвэр агаар” сангийн нягтлан бодогч М.Хулан болон Х.Болдмаа нартай үгсэн тохиролцож, "Шар голын энерго Болд” ХХК-ийг үүсгэн байгуулж, уг компанийн нэрээр түлш нийлүүлэх хуурамч гэрээ үйлдэн, "Цэвэр агаар” сангаас уг компанийн дансаар 2.726.500.000 төгрөг гаргуулж, үүнээс 340.000.000 төгрөгийг хувьдаа завшиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан юм байна.

Мөн Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын аудитор, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хоёр байцаагч, Баянгол дүүргийн татварын хэлтсийн байцаагч, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн охин, Сангийн яамны мэргэжилтэн А.Саранзаяа зэрэг нийт 11 хүн энэ хэрэгт холбогдсон аж.

МХЕГ-ын санхүүгийн хяналтын хоёр байцаагчийг "Цэвэр агаар” санд санхүүгийн хяналт шалгалт хийхдээ албан үүрэгтээ хайнга хандаж, хийх ёстой ажил үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс удаа дараагийн гүйлгээгээр гарсан 2.726.500.000 төгрөгийн зөрчлийг илрүүлээгүй гэж буруутгажээ.

Шүүхээр хэргийг таслах үед шүүгдэгч Н.Хүрэлсүхээс 1-3 өрөө, нийт 10 орон сууцыг хураан авч, хохиролд тооцуулахаар болсон бол М.Хулангаас "Lexus-570”, "Lexus RX-350”, "Вольксваген Тигуан” маркийн гурван автомашин, гэмт хэрэг үйлдэн олсон мөнгөөрөө худалдан авсан, брэндийн гутал, үнэт эдлэлүүд, 1000 ам.долларыг хураан авч улсын орлого болгосон юм байна.

Н.Хүрэлсүхийг найм, М.Хуланг долоо, Д.Цэцгээд найм, Б.Чимэд-Эрдэнэ, Х.Болдмаа нарыг таван жил хорих ялаар анхан шатны шүүх тус тус шийтгэсэн.

Тэгвэл 2012 онд хэрэгжсэн "Нүүрс” хөтөлбөр мөн л утаа бууруулах зорилготой байв. Ард түмнийг амьжиргааг дэмжин хямд нүүрсээр иргэдийг хангах, нөгөө талаас иргэд дугуй, хаймар, элдэв хог түлж агаар бохирдуулж буйн эсрэг Н.Алтанхуягийн Засгийн газрын үед энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн билээ. Тэгвэл өдгөө энэ хөтөлбөрийн үр дүнгээс илүү Л.Гансүхийн гэх дуулиан л иргэдэд тод дурсагдаж буй нь үнэн. Тухайн үед чухам юу болоод өнгөрсөн бэ гэдгийг эргэн сануулъя.

Л.Гансүх нь Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, Засгийн газраас "Нүүрс” гэх хөтөлбөрийг огт батлаагүй байхад найз М.Сүхбаатарын үүсгэн байгуулсан "Эм Жи Эл Эс Би” ХХК-ийг сонгон, өөрийн туслахаар ажиллаж байсан Л.Эрдэнэбулганыг гүйцэтгэх захирлаар, эхнэр З.Уранчимэгийн дүү З.Урангуагийн охин Б.Мөнгөнтуяаг ерөнхий нягтлан бодогчоор тус тус томилуулан "Эм Жи Эл Эс Би” ХХК-ийг Засгийн газраас хэрэгжүүлж буй "Нүүрс” хөтөлбөрийн хэрэгжүүлэгч компани гэж "Багануур” ХК-д танилцуулсан байдаг. 2012 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр "Багануур” ХК-д нүүрс худалдах, худалдан авах тухай 12/02-570 тоот гэрээ байгуулан, 2013 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд ажиллуулж, "Багануур” ХК-д нүүрсний жингийн зөрүүнээс 331.900.000, нүүрс шигшиж ангилах тоног төхөөрөмжийн түлшний зардалд 171.100.000, тоног төхөөрөмж түрээсэлсний зардалд 63.900.000, нийт 566.900.000 төгрөгийн хохирол учруулсан юм.

Мөн өөрийн туслахаар ажиллаж байсан Н.Даваахүүгээр 2013 оны есдүгээр сарын 19-ний өдөр "Эм Жи Эл Эс Би Ди” ХХК-ийг үүсгэн байгуулуулж, Б.Мөнгөнтуяаг ерөнхий нягтлан бодогчоор томилуулан, тухайн сарын 27-ны өдөр "Багануур” ХК-д "Нүүрс худалдах, худалдан авах тухай” 13/02-492 тоот гэрээг "Багануур” ХК-тай байгуулан үргэлжлүүлж, 2014 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд ажиллуулснаар "Багануур” ХК-д нүүрсний жингийн зөрүүгээс 741.700.000, нүүрс шигшиж ангилах тоног төхөөрөмжийн шатахууны зардалд 228.100.000, нүүрсний үнийн зөрүүнээс 1.736.200.000, нийт 2.706.000.000 төгрөгийн хохирол учруулсан. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, "Багануур ХК-д нийтдээ 3.272.900.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгагдсан билээ.

Эрүүгийн хуулийн 263.2 дахь хэсэгт зааснаар Л.Гансүхийг улс төрийн албан тушаал эрхлэх үйл ажиллагааг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, дөрвөн жил зургаан сараар хорих ялаар шийтгэсэн бол Н.Даваахүүг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нь хоёр жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19.200.000 (арван есөн сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ялаар, Б.Мөнгөнтуяаг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нь хоёр жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн юм.

Энэ гашуун жишээг өнөөдөр ч давтахгүй гэх газаргүй. 2017 онд агаарын бохирдолд улсын төсвөөс таван тэрбум төгрөг төсөвлөсөн бол нийслэлээс гурван тэрбум 150 сая, "Улаанбаатар цэвэр агаар” сангаас 2.6 сая ам.доллар төсөвлөөд байгаа. Төсөвлөсөн мөнгөөр юу хийхээ сайд, дарга нар уг нь хэлдэг. Гэхдээ бүдүүн тоймын, ерөнхий задаргаа хэлээд өнгөрдгөөс бус нарийвчилсан тайлан гаргаж өгч байсан удаа үгүй санагдана.

Тиймээс эрх баригчид хэдэн төгрөгийг юунд зарцуулсан бэ гэдэг тайлангаа ард иргэддээ жил бүр тавьдаг болмоор байна. Хонжоо хайгсад, хэн нэгэн сүйхээтэй нөхрийн халаасанд орох хөрөнгийг ард түмний мөнгөөр бэлдэж өгөөд байгаа юм биш биз. Аав ээжүүдийг утаагаа багасгаач ээ гээд жагсаж байх зуур дээгүүрээ томчууд нь хуваагаад хүртчихдэг арга нь улам нарийсаж, хүрээгээ тэлсээр байгаа юм биш биз дээ.

unuudur.mn


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen