Ким Кардашян хуульч болохоор шийджээ
Америкийн реалити шоуны од, рэппер Кэни Уэстийн гэргий Ким Кардашян хуульч болохоор суралцаж эхэлснийг Vogue сэтгүүл анх удаа мэдээлжээ.
Гурван хүүхдийн эх, 38 настай шоу бизнесийн од бүсгүй өнгөрсөн оны зун АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, хар тамхины хэргээр бүх насаар хоригдох ял эдэлж байсан Алис Мэри Жонсон хэмээх өндөр настныг өршөөлөөр суллуулж чадсан юм.
63 настай Жонсон хатагтай 22 жил орчим хоригдсоныхоо дараа суллагдаж байв. Энэ үйл явдал хуульч болох урам зориг өгсөн тухай Кардашян дээрх сэтгүүлд ярьжээ.
Ингээд тэр өнгөрсөн оны дундаас эхлэн Сан Францискогийн нэгэн хуулийн фирмд дөрвөн жил дадлагажигчаар ажиллах гэрээ байгуулсан байна. Кардашян ямар ч коллеж төгсөөгүй. Гэхдээ Калифорни болон АНУ-ын өөр гурван мужид хэсэг хугацаанд дадлагажсаны дараа шалгалт өгөөд хуульч болох боломж байдаг ажээ.
Тиймээс Кардашян 2022 онд шалгалт өгч, хуульч мэргэжилтэй болох зорилт тавьсан байна. Түүний талийгаач эцэг Роберт Кардашян нь хуульч байжээ. Коллеж төгсөлгүйгээр хуульч болсон хүмүүс дотор ерөнхийлөгч асан Томас Жефферсон, Абраам Линкольн зэрэг алдартай хүмүүс байдаг тухай Vogue сэтгүүлд бичсэн байна.
Ийм арга замаар хуульч болсон бас нэг олны танил хүн нь Леонардо Ди Каприогийн гол дүрд нь тоглосон “Catch Me if You Can” киноны бодит баатар Фрэнк Абигнэйл юм. Тэр 15-21 насандаа цуутай луйварчин, залилагч байгаад сүүлд санхүүгийн луйврын эсрэг зөвлөгөө өгдөг хуулийн компанитай болж байжээ.
Э.Сэмүүн
Эх сурвалж: AFP