БХБ-ын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Дархан хотын цэвэрлэх байгууламжийн барилгын явцтай танилцлаа
Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсэг гуравдугаар сарын 28-29 өдрүүдэд Дархан хотод ажиллаж Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр баригдаж буй Цэвэрлэх байгууламжийн барилга усралтын ажил, төслийн явцтай танилцлаа.
Ажлын хэсэгт БХБЯ-ны Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын менежмент хариуцсан мэргэжилтэн Д.Мөнхбаатар, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын орлогч захирал бөгөөд ерөнхий инженер Б.Энхболд, хэлтсийн дарга Д.Чинзолбоо зэрэг төлөөлөл багтлаа.
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Дархан хотын төв цэвэрлэх байгууламжийг бүрэн шинэчлэх ажлыг эхлүүлээд байна. Төслийн хүрээнд цэвэрлэх байгууламжийг шинэчлээд зогсохгүй бохир усны дамжуулах шугам хоолой, тоног төхөөрөмж, насос станц, дулааны шугам шинээр татах зэрэг иж бүрэн шинэчлэл хийгдэх юм.
Ажлын хэсэг Дархан-Уул аймгийн засаг даргын орлогч Т.Ганболдтой уулзаж төслийн явцын талаарх мэдээллийг сонслоо. Тэрбээр “Өнгөрсөн онд төслийн явцыг эрчимжүүлэх ажлын хүрээнд 2019 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн хийж хэрэгжүүлэх ажлын нарийвчилсан төлөвлөгөөг гарган ажиллаж байна. Гуравдугаар сард бүтээн байгуулалтын бэлтгэлийг хангах, материал таталтыг бүрэн хангахаар төлөвлөсөн бөгөөд орон нутгаас шаардах бүхий л зохион байгуулалтын ажлыг цаг тухай бүрт хийх байна” гэлээ.
“Дархан хотын цэвэрлэх байгууламж барих төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд орон нутаг маш сайн зохион байгуулалтад орж, шаардлагатай газар чөлөөлөлт зэрэг ажлыг шуурхай шийдснийг БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар онцлоод цаашид ажлыг эрчимжүүлж, хугацаанд нь ашиглалтад оруулахад анхаарахыг санууллаа.
Сар бүрийн сүүлийн долоо хоногт талуудын өргөтгөсөн хуралдаан болдог. Гуравдугаар сарын хуралдаанд Барилга, хот байгуулалтын яам, Азийн хөгжлийн банк, төслийн гүйцэтгэгч, Дархан-Уул аймгийн удирдлагууд, холбогдох байгууллагуудын төлөөлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож хоёрдугаар сарын ажлын гүйцэтгэлийн тайлан мэдээлэлтэй танилцлаа.
Хоёрдугаар сарын байдлаар Шугам хоолойн угсралтын ажил 69 хувьтай явагдаж буй бөгөөд гражийн барилгын дотор өрөг, фассадны дулаалга бүрэн хийгдэж, ахуйн бохир хүлээн авах байгууламжийн гадны ханын өрөг 60 хувь, захиргааны барилгын гадна хана бүрэн хийгджээ. Мөн агааржуулалттай элс ба өөх тос баригч байгууламжийн суурийн ажил, агааржуулах станцын суурь, лаг хадгалах талбайн угсралт дуусчээ. Зарим ажил төлөвлөсөн графикийн хугацаанаас бага зэрэг хоцрогдолтой явагдаж байна.
Өргөтгөсөн хуралдааны дараа Ажлын хэсэг Дархан хотын цэвэрлэх байгууламжийн барилгын явцтай газар дээр нь очиж танилцлаа.
Төслийн үр дүнд одоогоор ашиглагдаж буй цэвэрлэх байгууламжийн хийцийн хувьд чанарын шаардлага хангаагүй хэсгүүдийг шинэчлэх, зарим шинэ бүрдэл хэсгүүдийг талбай дээр шинээр барих болон нийт байгууламжийн хэмжээнд шинэ тоног төхөөрөмж суурилуулах замаар Дархан хотод орчин үеийн Төв Цэвэрлэх байгууламжийг ашиглалтанд оруулах юм.
Цэвэрлэх байгууламж нь шинэ, бүтээмж өндөртэй бөгөөд эрчим хүчний хэмнэлттэй цэвэрлэх процесс болох биофильмт технологийг (идэвхижүүлсэн лаг) ашиглаж эхлэнэ. Энэ нь манай орны эрс тэс уур амьсгалд зохицсон бөгөөд Цэвэрлэх байгууламжаас хаягдах усны чанар дээшилж, дотоодын болон олон улсын стандартын шаардлагуудыг хангах юм. Цэвэрлэх хүчин чадлын өдрийн хэвийн үеийн ачаалал нь 16,000 шоо метр бохир ус ариутгах ба оргил ачаалал нь өдрийн 24,000 шоо метр байх юм гэж төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс илэрхийллээ.
Дархан хотын цэвэрлэх байгууламжийг 2020 оны зургаадугаар сард бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ