Авлигын үүр уурхай болсон АТҮТ-ын удирдлагыг яаралтай өөрчлөх шаардлагатай болжээ

“АТҮТ” ТӨҮГ-ыг авлигын үүр уурхай гэдгийг бататгах  баримт бүхий мэдээллүүд хэвлэл мэдээллээр цөөнгүй гардаг.Тэгвэл хууль тогтоох дээд байгууллагын гишүүд  төрийн ордноос УИХ-ын чуулганы танхимаас албан ёсоор энэ талаар ил тодоор хэлж ярьж байна.   Тухайлбал УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж  Зам тээврийн шинэ сайдын томилгоог хэлэлцэх үеэр АТҮТ-тэй холбоотой анхаарал татсан зарим нэг зүйлийг хэлсэн нь тус газрын удирдлагуудтай хариуцлага ярих тооцох цаг болсныг илтгэн харууллаа.

Б.Пүрэвдорж гишүүний хэлж ярьсан зүйлийн агуулга нь “АТҮТ гэж авлигын үүр уурхай болсон газар байна. Тус газар автомашины гарал үүслийн бичиг гэж ямар ч хэрэггүй хятад бичиг шаардаж хэд хонуулдаг.  Бас 1 сая төгрөгийн авлига өгч машины дугаар олгодог. Ховд аймгаас л гэхэд энэ хавар 200 гаруй хүн  бүгд авлига өгч байж, тээвэр хийх зөвшөөрлөө авсан. АТГ үүнийг анхааралтай сонсоорой.  Хоёрдугаарт олон улсын C зөвшөөрөл гэж бий. Тавантолгойд 14 мянган машин бий. АТҮТ  5 мянгыг нь богины тээвэрт явуулхын тулд олон улсын зөвшөөрөл олгодог. Нэг сая төгрөгийг зуучлагчаар дамжуулж авдаг. Үүнээс болоод олон жолооч хохирч байна. Бүтэн сар машиндаа хоночихоод хоёрхон удаа рейсэнд явж, 600-хан мянган төгрөг авч байна. Гэтэл энд нэг албан тушаалтан улирал тутам 1 машинаас 1 сая төгрөг аваад сууж байна. Үүний  учрыг олоорой. Удирдлагуудыг нь яаралтай солиорой” хэмээсэн юм.

Энэ бол үнэхээр анхаарал хандуулхаас өөр аргагүй үгс гэдгийг энд тодотгоё. Амьдрахын эрхээр нүүрсний тээвэрт явж гэр бүлээсээ хол олон жил сарыг өнгөрөөж буй жолооч нар осол аваарт орох, машиндаа шатах зэргээр амь насаа алдсан гашуун баримтууд өдөр бүр нэмэгдсээр байна. Саяхан л гэхэд нэгэн жолооч  Тавантолгойн нүүрс тээврийн хятад компанид тээвэр хийж яваад зам тээврийн осолд орсон харамсалтай явдал болсон. Өнөөдөр  уг жолооч  2 хөлөө тайруулж, суумгай болчихоод сууж байна. Гэтэл энд улсын нийслэлд АТҮТ гэх төрийн байгууллагын, паартай байшинд шигдэж суусан мянга мянган машинаас сая саяар нь авлига авдаг нөхдүүдтэй холбоотой баримт, мэдээллүүд ил болсоор байхад АТГ ямар чарга хэмжээ авахгүй дүлий дүмбэ суусаар л байна. АТҮТ энэ бүх алдаа дутагдалыг шалгаж шийдвэрлэх үүрэгтэй газар биш гэж үү?  

Тус байгууллагын удирдлага авлигалд автагдсаны нэгэн бодит жишээг дурьдвал өмнө нь АТҮТ-ын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Б.Батбаяр нь авилга авч байгаад үйлдэл дээрээ баригдаад дараа нь дарга П.Дэлгэрнаран нь хэлтсийн даргаа суллаж авсан явдал тодоор харуулдаг. Энэ мэтээр тус байгуулалга авлигалд идэгдэж, цаана нь хэдэн 10 мянган хүүхэд төрсөн эцгийгээ алдах, жолооч нар эрүүл мэндээрээ хохирох эрсдэлийн өмнө байна. Хараа хяналтгүй, даатгалгүй амь өрссөн нүүрсний тээвэрт 14 мянган жолооч жолоо мушгиж явааг тэд яагаад үйл ойшоож байна вэ?   Хамгийн сүүлд гарсан мэдээллээр сүүлийн 8 жилд Тавантолгойн нүүрс тээврийн 50 жолооч амиа алдсан судалгаа бий. Тэгвэл үүнд хариулт өгөх учиртай АТҮТ –ынхан өнөөг хүртэл юу хийж байгаа нь тун ч ойлгомжгүй байна. Тийм болохоор төр засгаас энэ тал дээр яаралтай анхаарч тус байгууллага дээр АТГ-ын шалгалтыг яаралтай оруулах хэрэгтэй. Тэгж гэмээнэ энэ бүх муу муухай юм бага ч гэсэн алга болж, олон зуун жолооч ард иргэдийн амь нас аварагдах боломжтой гэдгийг  эргэн та бүхэнд нэг сануулая.  

Ж.Бат

 

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen