Улстөрчдөд хариуцлага тооцох боломжуудыг нэхнэ
Авлигын эсрэг олон улсын өдрийг угтсан “Хууль дээдлэх ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчил” сэдэвт чөлөөт хэлэлцүүлэг боллоо.
“Авлигын эсрэг хуульчдын нэг алхам” санаачилгын хүрээнд УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин тэргүүтэй хуульчид авлига, ашиг сонирхлын зөрчлийн асуудлаар хууль тогтоомжийн шинэчлэл, нөхцөл байдал, улс төрийн хүрээнд болон нийгэмд үүссэн асуудлууд, хүлээлгэх хариуцлагын талаар илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.
Хуульч Д.Миеэгомбо “Хуульчийн нийгмийн хариуцлага”, судлаач Х.Номингэрэл “Хууль дээдлэх ёс ба олон нийтийн итгэл”, хуульч Б.Мэргэн “Авлига, ашиг сонирхлын зөрчил ба УИХ-ын гишүүний ёс зүй”, хуульч О.Алтангэрэл “Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх Үндсэн хуулийн боломж”, хуульч Д.Сүнжид “Захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрхээ сэргээх боломж”, сэтгүүлч Д.Батбаяр “Мэдээллийн ил тод байдал ба хэвлэл мэдээллийн эрх чөлөө”, УИХ-ын гишүүн асан, хуульч Х.Тэмүүжин “Авлига, ашиг сонирхлын зөрчил, хууль зүйн шинэчлэл” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Монголд тулгамдаж буй хамгийн гол асуудал нь авлигын тогтолцоо бий болсон. Бүхэл бүтэн систем тогтсон. Түүнд орсон хүн буцаж гарч чаддаггүй. Энэ тогтолцоог нураах гарцыг олох нь чухал юм. Нөгөө асуудал нь хуулийн цоорхой, хийдүүлэлт гэдгийг хуульч, судлаачид хэлж байна. УИХ-аар батлагдан гарч байгаа хуулиудыг судлахад гэнэн алдаатай бус улстөрчдөөс зориуд өөрсдөдөө зориулсан зорилтот хуулийн заалт, зүйлүүд байдаг аж. Тухайлбал, УИХ-ын гишүүн, сайд нар ЖДҮХС-гийн хэргийг судлахад эхлээд хууль эрхзүйн орчныг бэлдэж байгаад дараа нь зээл бөөндөж авсан, тэр бүү хэл одоо нотлох баримтуудыг устгаж, өөрчилж, засч байх магадлалтай гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа.
Д.Миеэгомбо: ТӨРИЙН АЛБЫГ НАМЫН ХАВСАРГА БОЛГОЖ ХҮЧГҮЙДҮҮЛСЭН
Авлигын тогтолцооны бүтцийг харвал улс төрийн намуудыг өөрсдийн хөгжүүлж гажуудуулсан мутаци хэлбэрээр нь удаан хадгалахыг зорьж байгаа. Хоёрдугаарт, төрийн албыг намын хавсарга болгож, насыг нь багасгаж, ой санамжийг нь арчиж байна. Гуравдугаарт, энэ бүхнийг харж, хянаж, хариуцлага тооцож, шүүж шийтгэх чиг үүрэг бүхий хууль хамгаалах тогтолцоо, шүүх эрх мэдлийг худалдан авч, өмчилж, өөрсдийн зорилгод үйлчлүүлж байна. Цагдаагийн байгууллагын удирдлагыг өнгөрсөн зургаан жилийн хугацаанд 1-2 жил болоод сольж байсан нь ч үүний нэг илрэл. Энэ нь өнөөдрийн нийгэмд үүссэн нөхцөл байдалд ямар нэг хэмжээгээр нөлөөлсөн. Үүнд хуульчдын үүрэг байх ёстой. Энэ байдлаас гарахад, гажгийг засахад бидний оролцоо чухал үүрэгтэй гэж хуульч Д.Миеэгомбо тодорхойллоо.
“ГИШҮҮДИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХ АСУУДЛЫГ ЦЭЦ ШИЙДВЭРЛЭЖ, УИХ ХҮЛЭЭЖ АВБАЛ ТӨР ЦЭВЭРШИНЭ”
УИХ-ын гишүүд үйлдэл дээрээ баригдаагүй л бол хариуцлага тооцох боломжгүй. Манай улс ийм хуультай. Гэтэл нөгөө тал нь энэ хүмүүс хариуцлага хүлээдэггүй юм гэхэд сонгогчид ядаж тэдэнд өгсөн итгэлээ буцаахыг хүсч байгаа нь ойлгомжтой. Энэ үүднээс ЖДҮ-ийн асуудлаар хуульчид хамтран нэр бүхий гишүүдийг Үндсэн хуулийн цэцэд өгсөн. Энэ асуудлаар хуульч О.Алтангэрэл хэлэхдээ “УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн асуудлаар цэцээс дүгнэлт гарч байсан анхны жишээ нь С.Зориг агсан юм. Жишиг нь байгаа. Тэгэхээр өнөөдөр тогтоогдоод байгаа ЖДҮ-ийн асуудлаар УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах нь үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг Цэц гаргаж, түүнийг нь УИХ хүлээж авбал Монголын төр цэвэршинэ. Учир нь гишүүд хууль зөрчихөө, Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчим хөндөгдөхөө болино. Өөрөөр хэлбэл, халдашгүй эрхийн дор юу ч хийж болно гэсэн ойлголт тэр үеэс устаж үгүй болно. Үндсэн хуулийн боломж бүрэн бий. Нийгмийн анхаарлын төвд байгаа энэ асуудлаар Цэц ямар шийдвэр гаргах нь вэ, хэр шударга ажилладаг вэ гэдгийг харах л үлдэж байна. Ийм хүмүүс ямар ч сайхан шударга хуультай оронд очоод дахиад хулгай хийнэ гэдгийг би хувьдаа эргэлзэхгүй байна. Энэ хүмүүстэй холбоотой асуудал. Өнөөдөр Монгол Улс хуультай орон. Хуулиар хүн шийтгэдэг үү гэвэл шийтгэдэг. Улсын хэмжээнд 6000 гаруй залуу гэмт хэрэг хийсний улмаас хоригдож байна. Тэдний дийлэнх нь өмчийн эсрэг хэргээр орсон байна. Гэтэл хэдэн тэрбумаар нь хуулийн дагуу мэтээр харагдуулж хөрөнгө завшчихаад хариуцлага хүлээхгүй байгаа нь хуулийн сул тал гэхээс илүүтэй хувь хүнтэй холбоотой” гэв.
Х.Тэмүүжин: АВЛИГЫН ТОГТОЛЦОО ХУУЛИЙНХТАЙ ЗЭРЭГЦЭН ОРШИЖ БАЙНА
–Хариуцлага тооцох хуулийн заалтууд байдаг ч улстөрчид өөрсдөдөө зориулж тэдгээрийг хумидаг, хасдаг, танадаг гажиг нь зуршил болж тогтлоо. Үүнийг засах, өөрчлөх ямар гарцыг та харж байна?
-Хуулийн тогтолцоотой зэрэгцээд авлигын тогтолцоо оршин тогтнож байна. Авлигын тогтолцоо өөрийн гэсэн дүрэмтэй, зохион байгуулалттай. Авлигын мөнгөөр маш хүчтэй санхүүждэг. Тэд хуулийг өөрсдөдөө зориулж гаргана, шийдвэрүүдийг ч адил. Төрийг ч өөрсдөдөө зориулж ашиглаж эхэлнэ. Ингээд албан болон албан бус хоёр тогтолцооны зөрчилдөөн үүсч байна, аль нь дээр нь гарах вэ гээд. Албан тогтолцоон дээр нэг асуудал байдаг. Тэр нь ил тод ажиллаж байдаг учраас дүрэм, журамтай. Авлигын тогтолцоо нь эрүүлээс эрүүл бус дүрэм, журам руу шилждэг учраас “Чи үүнийг мэдээлэх юм бол тэрийг чнь зөрүүлээд ил болгоно шүү”, “Чи ийм юм ярьж байгаа бол тэрийг чинь би хэлнэ шүү” хэмээн бие биеэ хатуу барьцаалсан байдаг учраас чөтгөрийн тойргоос гарч ирж үнэнийг ил шулуун хэлэх хүн тэр болгон байдаггүй. Тэгэхээр хүссэн, хүсээгүй бид энэ чөтгөрийн тойргийг тас цохиё гэж бодож байгаа бол хуулийн бүх нөөцийг ямар нэг арга замаар ашиглах хэрэгтэй болно. Түүнээс гадна мэдээллийн ил тод байдлыг хангахад эрэн сурвалжлах сэтгүүлчид мэдээллээ илүү тодорхой болгох ёстой болно. Хаа хаанаа эрсдэлтэй ч бид хөдөлж эхлэхгүй бол албан бус тогтолцоонд улс орноо ч тавиад тууж мэдэхээр болллоо.
Улс төрийн хүрээнээс хальж нийгмийг самарсан, хуулийг гууль болгосон авлигын албан бус тогтолцооны талаар хуульчид ийм байр суурийг илэрхийлж байна. Тэд хариуцлагыг бий болгох, улстөрчдөд хариуцлага тооцох хууль эрхзүйн бүх л боломжийг эрэлхийлж, эрх баригчдаас нэхнэ гэлээ.
Ч.ҮЛ-ОЛДОХ
Эх сурвалж: Зууны мэдээ сонин